Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр буюу 9 дүгээр сарын 28-ны өдөр Ботсвана Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Юнити Даугтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтийг тавив.
Ботсвана Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Юнити Дауг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох асуудлыг нааштай шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс Тринидад ба Тобаго болон Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоосноор НҮБ-ын гишүүн 193 улстай бүгдтэй нь дипломат харилцаатай болох ажээ.
Эх сурвалж: ГХЯ