Бүгд Найрамдах Хятад Ард Улс аравдугаар сарын 1-нд 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. 1949 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Бээжин хотын төв Тяньаньмэний талбай дээр Хятадын Коммунист намын дарга Мао Зэдүн Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан тухай зарлан тунхаглажээ. Энэ өдөр дэлхийн ядуу, буурай нэгэн үндэстнээс дэлхийн хамгийн хүчтэй үндэстнүүдийн нэг болтлоо хөгжсөн Хятадын орчин үеийн түүхийн хамгийн бадрангуй үеийн эхлэл байв. Энэ 70 жилийн туршид коммунист улс өлсгөлөн, улс төрийн үймээн самуун, эдийн засгийн хурдацтай өөрчлөлт, урьд өмнө хэзээ ч байгаагүй баялгийг бүтээсэн урт замыг туулжээ.
Ойн хүрээнд Бээжин хотын төв талбайд ойн хамгийн гол арга хэмжээ болох цэргийн жагсаалын үеэр цэргийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, зэвсгийг анх удаа үзүүлнэ. Жагсаалын үеэр БНХАУ-ын батлан хамгаалах салбарт сүүлийн 70 жил гарсан томоохон ололт, амжилтыг харуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн цэргийн жагсаал БНХАУ байгуулагдсаны 50, 60 жилийн ой, Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайнд ялсны 70 жилийн ойгоор болсон цэргийн жагсаалаас илүү сүрлэг, илүү далайцтай болно.
БНХАУ байгуулагдсан 1949 оноос хойш цэргийн сүрт жагсаалыг зөвхөн БНХАУ байгуулагдсан өдрөөр буюу аравдугаар сарын 1-ний өдөр л зохион байгуулдаг байв. Цэргийн жагсаалыг 1960 оноос хойш арван жилд нэг удаа зохион байгуулдаг болжээ. Хамгийн сүүлд ийм арга хэмжээ 2009 онд болсон бол 2015 онд Бээжин хотноо Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойгоор сүр жавхлантай цэргийн жагсаал болж байжээ. Энэ нь 1949 оноос хойших тус улсын түүхэнд БНХАУ байгуулагдсан өдрөөр бус зохион байгуулагдсан цорын ганц цэргийн жагсаал юм.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ аравдугаар сарын нэгний өглөө Тяньаньмэний талбай дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээгээр эхэлж, цэргийн парад, хүндэтгэлийн концерт, галт наадам зэрэг арга хэмжээгээр үргэлжлэх юм.
БНХАУ-ын сүүлийн 70 жилийн ололт, амжилт
Хятад улс өдгөө дэлхийн хоёр дахь том хэрэглээний зах зээл болжээ. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны эргэлт нь 2018 онд 38 их наяд юань буюу 5.4 их наяд ам.долларт хүрсэн бол 1952 онд энэ үзүүлэлт 27.7 тэрбум юань байв. 1950 онд 1.13 тэрбум юаньтай тэнцэж байсан Хятадын гадаад худалдааны нийт эргэлт 2018 онд 4.6 их наяд ам.долларт хүрч дэлхийд тэргүүлсэн. Үүнээс хоёр их наяд ам.долларыг импорт бүрдүүлжээ. Хятад улс өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр дэлхийд хоёр бичигдэв. Тус улсад үйл ажиллагаа явуулж буй 960 мянган гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдэж, эдгээр нь нийт 138.3 тэрбум ам.долларын хөрөнгийг тус улсын эдийн засагт оруулжээ. Дэлхийн хоёр дахь том хөрөнгө оруулагч болсон тус улс нийт 143 тэрбум ам.долларын хөрөнгийг дэлхийн улс орнуудын эдийн засагт оруулжээ. Хятад улс 2006 оноос хойш дэлхийн эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ тэргүүлсээр, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болжээ.
Хятад улсын дэлхийн эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр 1961-1978 онд жилд 1.1 хувийг эзэлж байсан бол 1979-2012 онд 15.9 хувь, 2018 онд 27.5 хувь болж өсжээ. Үүнтэй зэрэгцэн тус улсын эдийн засгийн чадавх мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдэв. Хятад улсын ДНБ 1952 онд 67,9 тэрбум ам.доллар байсан бол 2018 онд 90 гаруй их наяд ам.доллар буюу 175 дахин өсжээ. Хятад улс 1978 онд ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 11-т бичигдэж байсан бол, 2010 онд Японыг ардаа орхиж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсноос хойш энэ байр сууриа хадгалсаар иржээ.
Эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй зэрэгцэн Хятадын ард түмний амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилж байна. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших сүүлийн 70 жилд эрүүл мэнд, боловсролын салбар хурдацтай хөгжиж иржээ. Нэг хүн ногдох сургалтын хугацаа 9.6 жил болж, их дээд сургуульд хамрагдах түвшин 48.1 хувь болж өсжээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагын нийт тоо 997 мянгад хүрч, 1949 оны байдалтай харьцуулахад 271 дахин өссөн байна. Эдгээр байгууллагуудад нийт 9.52 сая эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. 1949 оны байдалтай харьцуулахад дундаж наслалт 35-аас 77 жил болж уртасжээ.
Нийгмийн халамж улам бүр боловсронгуй болж, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалд хүн ам нь бүрэн хамрагдаж байна. Хөдөө орон нутаг дахь ядуу иргэдийн тоо 1978 оны эцсээр 770 сая байсан бол 2018 оны сүүлээр 16.6 сая болж буурсан нь Хятад улс ядууралгүй болох зорилт ойрын ирээдүйд хэрэгжих нь тодорхой байна.
Үүний сацуу БНХАУ-ын олон улсын тавцан дахь байр суурь нэмэгдэж, нөлөөлөл нь өргөжсөөр. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойш 20 гаруй жилийн дараа буюу 1971 онд Хятад улс НҮБ дэх өөрийн хууль ёсны байр сууриа сэргээв. Тус улс Дэлхийн худалдааны байгууллагад 2001 онд элсэж, Казахстан, ОХУ болон бусад улстай хамтран Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулав. 2013 онд Хятад улс “Нэг Бүс, Нэг Зам” санаачилгыг гаргав. Тус санаачилга дэлхийн 100 гаруй улсын дэмжлэгийг аваад байна.
Үүнтэй зэрэгцэн Хятадын соёлын нөлөө олон улсын хэмжээнд өргөжиж, “Хятадын халуурал” хэмээх үзэгдэл дэлхий даяар дэлгэрээд байна. 2018 оны сүүл гэхэд дэлхийн 154 улс, бүс нутагт Күнзийн нийт 548 хүрээлэн, 1193 танхим байгуулагджээ.