Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Ярослав Кубера нар Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хэлэлцээ хийлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар урилга хүлээн авч, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь ноён Ярослав Кубера-д чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Тэрбээр “Энэхүү айлчлал хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Бид Европын Холбооны гишүүн Чех Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасны дагуу Чех Улсыг гуравдагч хөршөө гэж үздэг. Чехословак Улс 1990-ээд оныг хүртэл манай орны хувьд ЗХУ-ын дараа орох томоохон хөрөнгө оруулагч, худалдаа, эдийн засгийн түнш байсан. Тиймээс бид уламжлалт энэхүү харилцаагаа бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” гэлээ.
Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Ярослав Кубера Монгол оронд ирж, нисэх онгоцны буудалд буусан мөчөөс эхлэн анд нөхдийн элэгсэг дотно, найрсаг хандлагыг бид мэдэрч байна гээд,
-Наашаа ирэхээсээ хэд хоногийн өмнө би Чехэд байгаа Азийн орнуудын Элчин сайд нартай уулзсан. Тэд манай улсыг БНХАУ-тай харилцах харилцаандаа түлхүү ач холбогдол өгч, бусад орнуудад анхаарал сул тавьж байна гэсэн. Энэ байдлыг засах шаардлагатай. Тиймээс Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал уламжлалт харилцаагаа илүү өндөр, шинэ түвшинд хүргэх зорилттой юм гэлээ.
Тэрбээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй гэдгийг онцлоод, айлчлалын бүрэлдэхүүнд Чехийн биенесийн салбарын өргөн төлөөлөл багтаж байгаа. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өрөгжүүлэхэд тэдний гүйцэтгэх үүрэг чухал гэж бид үзэж байна гэв.
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс