Өнгөрсөн амралтын өдрүүдээр Налайх дүүрэгт “цусан гол” урсаж байгааг харуулсан фото зураг, бичлэг цацагдаж, иргэдийг эвгүйцүүлээд авсан. Орчны бохирдол талаасаа ч, малын цусыг хаа сайгүй хаяж сураагүй монгол зан заншил талаасаа ч зураг, бичлэг олон хүний сэтгэлийг тавгүйтүүлэв.
Бямба гаригт түгсэн мэдээллийн араас МХЕГ ням гаригт сая нэг хөдөлж, Налайх дүүрэгт ажиллаж, бохирдол мал нядалгааны газруудын үйл ажиллагаанаас үүдэлтэй хэмээн тайлбарлав. Налайх дүүргийн хорооны Засаг дарга П.Сашка “Мал нядалгааны газрууд бохироо асгасан байна уу. Эсвэл бохирын худгаас гарсан байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна” хэмээн мэдэгдсмэн бол
Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Налайх дүүрэгт мал нядалгааны дөрвөн газар ажиллаж байгаа. Мал нядалгаатай махны хоёр үйлдвэр ажилладаг. “Налайх дүүргийн бохир шууд төв цэвэрлэх байгууламж руу явж байгаа. Бохирын худаг руу сэг зэмтэй бохир хийдэггүй. Эдгээр газрууд “Чандмань Налайх” компанитай гэрээтэй ажилладаг. Төвлөрсөн шугамд холбогдоогүй учраас бохироо зориулалтын тээврийн хэрэгсэлтэй бохироо зөөдөг.
Мал нядалгааны газрууд Мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавин ажилладаг. “Чандмань Налайх” компанийн нийлүүлж байгаа бохир Ус сувгийн төвлөрсөн худаг руу нийлэх зам бөглөрөл үүсч бохир хальсан байна. Иймээс бохир хальсан газарт ариутгал халдваргүйжилт хийнэ” гэсэн үгээр түр аргацаасан мэдээлэл өгөөд байна. Ямартай ч бохирын ус хальсан учраас “Ундрах хайрхан” компанийн үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ.
Махны экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор мах бэлтгэх олон жижиг үйлдвэр нээгдсэн. Нийслэлийг тойрон бий болсон мал нядалгааны газрууд, махны үйлдвэрийн тухай хэл үг, эдгээр үйлдвэрээс гарсан бохирдлын асуудал сүүлийн үед иргэдийн хамгийн их бухимддаг сэдвийн нэг болоод байгаа. Иргэдийг бухимдуулж байгаа хөл толгой нь олдохоо байсан махны үйлдвэрийн зөвшөөрлийг харин МХЕГ олгодог юм.
МХЕГ-ын даргын баталсан энэ журмыг: MАЛ ТӨХӨӨРӨХ, МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАН МАГАДЛАГАА ЯВУУЛЖ ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ гэсэн сүржин нэрлэдэг байна. Журамд зааснаар үйлдвэрүүд
- Мал, амьтны мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, хүлээн авах, боловсруулах, экспортлох, импортлох үйл явцад мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн зохих шаардлагыг хангасан ажлын байранд үйлдвэрлэл явуулна.
- Ариутгал халдваргүйтгэлийг /ажлын байр, цайны газар, тээврийн хэрэгсэл, хог хаягдлын цэг, өдөр тутмын гэх мэт/ зохих заавар журмын дагуу хугацаанд нь хийж анхан шатны бүртгэл хөтөлнө.
- Үйлдвэрүүд мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээр, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл, стандарт, технологийн дагуу үйл ажиллагаа явуулна гэх мэт өндөр шалгуурыг ханган ажиллах ёстой.
Гэвч үнэн хэрэгтэй үйлдвэрүүдэд энэ журам үйлчилдэггүй бөгөөд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулах нь олон. МХЕГ яагаад шаардлага хангахгүй компаниудад зөвшөөрөл олгочихдог юм бол. Хэрвээ журамд заасан шаардлагуудын дагуу зөвшөөрөл олгосон бол ийм хэрэг мандах уу?
МХЕГ-ын байцаагчид авлигад өртөх магадлалтай бүлэгт багтдаг. Байцаагчдын авлигын дуулиан одоо ч тасраагүй л яваа. Зөрчил нь олны нүдэнд тод томруун, ил харагдаж байгаа “Ундрах хайрхан” компани хэзээ, хэнээс зөвшөөрөл авсан бэ. Тогтоосон дүрэм журмыг зөрчсөн энэ компанийн тусгай зөвшөөрлийн ард авлига нуугдаж байсан юм биш байгаа гэсэн асуултууд ч хэрэг явдлыг даган хөврөх нь гарцаагүй.
1 comment
Мал нядалгааны газар эскпорт хийдэггүй шүү дээ мэдээллээ зөв хүргэмээр юм