Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралдан, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн гаргажээ. Тэргүүлэгчдийн хурлаар Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн энэ жилийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн амжилтыг хүчингүйд тооцохоор шийдвэрлэв.
Учир нь тус аймгуудын баяр наадмын үндэсний бөхийн барилдаан нь Баяр наадмын тухай хууль, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм зөрчсөн, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг баримталж бөхийн барилдааныг зохион байгуулаагүй гэж үзсэн байна.
Энэ талаар МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар “Маргааш аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаан болох гэж байгаатай холбоотойгоор МҮБХ-ноос аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг яаралтай гаргах шаардлагатай болсон учраас тэргүүлэгчид хуралдлаа.
Учир нь ноднин жилийн аймгийн баяр наадмын дараа МҮБХ-ноос эрэмбэ гаргахдаа наадмаар хоёр болон дөрвийн давааны оноолтыг хийхдээ эрэмбийг зөрчиж хийсэн аймгуудад албан ёсны сануулга өгсөн. Энэ жилийн аймгуудын баяр наадмын бөхийн барилдааны хоёрын даваанаас хойших барилдааны мэдээллийг татаж авч шалгасан. Гэтэл дээрх дөрвөн аймаг хоёрын давааны оноолтоо ирүүлээгүй.
Мөн Өмнөговь, Налайх дүүргийн үндэсний бөхийн барилдааны хоёрын даваанд эрэмбэ өөрчилсөн, дур дураар нь оноолт тааруулсан асуудал байгаа. Энэ талаар зарим бөх өргөдөл, гомдол гаргасан. Дээрх зөрчлүүдийг харгалцан үзээд амжилтыг нь эрэмбэд оруулахгүй байхаар тооцсон” гэлээ.
Мөн Багахангай дүүргийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгосныг хүчингүй тооцжээ. Учир нь Багахангай дүүрэг Улаанбаатар хотын дагуул хот. Тиймээс Налайх, Багануур хотууд шиг бие даасан хот болох шийдвэр гараагүй тул тус дүүргийн баяр наадмаар аймгийн цол олгох боломжгүй гэж үзжээ.