Э.Бат-Үүл: Цагдаа захиалгаар ажиллаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын гомдлоор хотын дарга асан Э.Бат-Үүлд Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгийн торгууль тавьсан нь үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өчигдөр /2019.09.27/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул шүүх хурлыг ирэх сарын 1-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан.

Дээрх асуудлын талаар хотын дарга асан Э.Бат-Үүл дараах тайлбарыг өгөв. Тэрбээр “Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын дарга миний нэр төрийг гутаасан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу намайг хууль зөрчиж байгаад торгосон. Би бүүр хууль зөрчиж байгаад торгосон гэдгийг зориуд хэлэхийг хүсэж байна. Ямар ч нэр төрийг нь гүтгэсэн гэсэн энэ үйлдлийг шалгахгүйгээр шууд л ЕТГ-ын даргын хүсэлтээр намайг торгочихсон. Би өмгөөлөгчтэйгөө энэ асуудал дээр мэдүүлэг өгнө гэж хэлээд байхад л тэр орой нь шууд торгож байгаа юм. Надаас асуусан ч юм байхгүй, байцаасан ч юм байхгүй ингээд шууд торгож байгаа юм. Энэ нь нөгөө Захиргааны хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэх зэрэг бүхий л хуулиа зөрчөөд шууд торгож байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан би шүүхэд гомдол гаргасан. Ингэхдээ “Наадах чинь хууль бусаар хүн торгоод байна гэж гомдол гаргасан.

Ингэж хууль зөрчиж байгаа явдлыг юу гэж уншиж болох вэ гэхээр цагдаа бол захиалгаар ажиллаад байна гэж харж болно. Нэг талын захиалгаар шийдвэр гаргаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ЕТГ-ын даргын захиалгаар ажиллаж байгаа юм уу л гэсэн ийм байр суурьтай байна. Тийм учраас би шүүхэд хандсан” гэлээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн