Өнөөдөр тавдугаар сарын 9. Ялалтын баярын өдөр. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан буюу Фашистын Германыг ялсан энэ өдрийг ОХУ болон Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнууд, Европын ихэнх орнууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Ялалтын баярын 73 жилийн ойд зориулсан парад Улаан талбайд Москвагийн цагаар 10:00 цагаас эхэлнэ. Хүн төрөлхтөнд учирсан хамгийн том гай гамшгийн нэг Дэлхийн II дайны талаар дурсахад хүнд. Гэвч олон сая хүний амь насыг авч одсон дайны бараан түүх нь хожим хийсч ирэх тэнэглэл, зовлон гунигийг дахин давтах ёсгүйг хүн төрөлхтөнд сануулдаг юм.
1941 оны есдүгээр сарын 8-нд Германы арми Ленинград хот руу цөмрөн орж, хотыг бүхэлд нь бүсэлсэн цаг хугацаа Оросын түүхэн дэх хамгийн хар өдрүүдийн тоонд зүй ёсоор ордог. Нацистууд Ленинградыг 872 хоног буюу 1944 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэл бүслэлтдээ байлгасан юм. Бүслэлтийн гурван жилийн хугацаанд 1.5 сая хүн амь насаа алдсаны ихэнх нь өлсгөлөн, өвчнөөр өөд болжээ.
Энэхүү бүслэлт орчин үеийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, хамгийн их эвдрэл сүйрэл авчирсан, харгис бүслэлтийн тоонд ордог. Энэ бүслэлттэй холбогдуулан Ленинградын бүслэлтэд байсан таван настай охины дурсамжийг хүргэж байна. Хажуу тал нь элэгдсэн, өрөөсөн шүрэн нүд нь унасан энэ бамбарууш Алла Александровнаг бүслэлтээс амьд гарахад тусалжээ.
Өдгөө тэтгэвэртээ гарсан энэ эмээ ээжийгээ өнгөрсний дараа Санкт-Петербург дэх хуучин байрныхаа шүүгээг цэвэрлэж цэгцэлж байгаад үүнийгээ олсон юм. “Дайн эхлэхэд би дөнгөж таван настай байлаа. Харин энэ бамбаруушийг олж авмагцаа тэрхүү аймшигт мөчүүдийг эргэн санаж байна” хэмээн Алла Юрковская ярьсан юм. Юрковскийн гэр бүлийнхэн Ленинградын бүслэлтээс гарч чадсангүй.
Вокзал дээр аймшигт үйл явдал тохиолдож, вагонуудыг булаан эзэлжээ. Яг энэ үеэр дайн эхлэхээс аравхан хоногийн өмнө бага охиноо төрүүлсэн, хоёр хүүхэдтэй эмэгтэй Ленинградаас гарах гээд чадсангүй. Ингээд гэртээ үлдэж, өвөлжихөөр шийдэв. Хөөрхий эмэгтэй өөрийг нь болон гэр бүлийг нь цаашид ямар хувь заяа хүлээж байгааг гадарласангүй. Хасах 40 хэмийн хүйтэнд усгүй, гэрэл цахилгаангүй амьдарна гэдэг үнэхээр харгислал. Маш ихээр өлсөж, ханын цаасны цавуу, шороо гээд тааралдсанаа идэж байв.
Алла Александровна “Дайн эхлэх үед эмээ минь (30-аад оны өлсгөлөнг үзсэн хүн) манайд багц багцаар нь өвс авчирч тавьж байлаа. Ээж “Яах гэж байгаа юм бэ” гэж гайхахад эмээ бидэнтэй цуг амьдардаггүй мөртлөө юу ч хэлэлгүй өвсөө хэдэн хэсэгт хуваан, хатааж байв. Бас эмээ дайнаас өмнө амуу будааны асар их нөөцтэй байсан юм. Ээж аав түүнийг шоолон “Хаашаа явах гээд бэлтгээд байгаа юм бэ” гэхэд тэр “Хэрэг болно оо” л гэдэг байсан. Үнэхээр ч хэрэг болсон.
Бүслэлтийн үеэр ээж маань өдөрт хагас аяга будааг өвстэй холин чанаж бүгдэд нь хувааж өгдөг байлаа. Энэ л бидний амийг аварсан юм даа” хэмээн ярьжээ. Аллагийн ээж Евдокия Ивановна асрагчаар ажилладаг байсан бөгөөд хоногт 250 грамм талхны төлөө ажилладаг байв. Эмнэлэг рүү байн байн алга болж, бяцхан Танечка охиныг хооллох хүнгүй болдог байжээ. “Одоо ч гэсэн санаж байна. Дүү маань орон дээрээ уйлаад л байдаг, би дөхөж очихоос ч айдаг байлаа.
Гэр хүйтэн, өдөр ч харанхуй. Дулаанаа алдахгүйн тулд хаалга, цонхныхоо хүрээгээр хуучин пальто, хөнжлөө чихээд, зөвхөн дээгүүр нь нарийхан зурвас л үлдээж байсан” гэжээ. Цагаас цагт, хоногоос хоногт нэг л гэртээ байна гэдэг үгээр хэлэхийн аргагүй хүнд. Яг энэ үеэр бамбарууш түүнд тусламж болон иржээ. Энэ тоглоомыг Аллочкад аав нь фронтод явахдаа бэлэглэжээ. Чихмэл тоглоом түүний цорын ганц найз болов. “Тухайн үед ээж минь гэнэт эргэж ирэхгүй бол яана” гэсэн бодол айлгаж зовоодог байсан.
Айсандаа болоод хоолой зангирчихна. Нэгэн удаа баавгай аавын хоолойгоор “Миний том охин шүү дээ, тийм болохоор толгойгоо дээш өргө” гэж хэлэхийг сонссон. Хий юм сонссон уу, айснаасаа болоод тархи толгой эргээд тэгж сонсогдсон уу, мэдэхгүй. Гэхдээ л айдас үргэж, өөрийгөө ганцаараа биш гэдгээ мэдэрч эхэлсэн” хэмээн дурсчээ. 1942 онд Юрковскийн гэр бүлийг Сибирьт, Красноярскийн хязгаарын нэгэн тосгонд нүүлгэн шилжүүлжээ. Харин Алла төрөлх хот Ленинграддаа буцаж ирснийхээ дараа дунд сургуульд орсон юм.
Түүнийг чихмэл бамбарууш бүслэлтийг даван туулж чаджээ. Даарсан хүмүүс тавилга, ном гээд шатаж болох бүхнийг шатаахад түүний тоглоом яагаад ч юм бэ, бүтнээрээ үлдсэн байна. Гэвч бамбаруушаа олж авсан эзэн баярлаж хөөрсөнгүй. “Тоглоомоо хараад дахиад л айдаст автсан. Миний дүү Таня хоёр гараараа энэ тоглоомтой зууралдаж байсан. Өөр зүйл түүнд байсангүй” гэжээ. Охидын аав дайнаас амьд иржээ. Дайнд олзлогдож, фашистуудын лагерьт байсан тэрбээр хоёр удаа оргосон байна.
1946 онд тэд гэр бүлээрээ цугласан аж. Он жилүүд өнгөрсөөр Алла Сибирьт буцаад иржээ. Москва дахь агаарын цэргийн институт төгсмөгцөө Красноярскт инженер зохион бүтэээгчээр 35 жил ажиллажээ. Алла Юрковская “Би Ленинградад ээжтэйгээ салах ёс гүйцэтгэхээр ирээд 50 жилийн дараа бамбаруушаа оллоо. Би Железногорскийн 95 дугаар дунд сургуулийн дайны алдрын музейд тоглоомоо өгнө. Миний охин Вика үүнийг гэр бүлийн сахиус гээд өгөхийг зөвшөөрөхгүй байгаа. Энэ тоглоом хүүхдүүдэд маань илүү чухал юм байна гэж бодоод больсон” хэмээжээ.
Бэлтгэсэн Э.ЗАЯА updown.mn
5 comments
5-р сарын 9 – Агуу их Эх орны дайн дууссан едер. Энэ едер фашизмыг ялсан едер. Герман фашист биш нацистууд. Фашистууд нь Муссолины Итали юм. Дэлхийн 2-р дайн 1939 оны 9-р сарын 1-д эхэлж 1945 оны 8-р сарын суулээр милитарист Япон бууж егсен едреер дуусдаг.
“БҮСЛЭЛТИЙН НОМ” гээд Ленинградын 900 хоногийн бүслэлтийн тухай гайхамшигтай ном байдгийн, Ладог нуурыг хөлдөхөөр хорвоотой холбогддог байсан тул “Амьдралын зам” гэж нэрлэсэн байдаг
Орос орны ялалт, Монгол орон тусгаар тогтнох гол нөхцөл байсан юм шүү. Оросууд ухаалаг, хүчирхэг, найрсаг байг. Дайны үед хөнжлийхөө ноосыг ч хяргаж байж ялалтанд тусалж, хүнд хэцүүг хамт туулсан бидний сайхан аав ээж, эмээ өвөө нартаа ч гэрэлтэж байг гэж ерөөе.
ОРосын ард түмэн ялалт байгуулаагүй бол манай монгол улс ч гэсэн оршин тогтнохгүй байсан гэдгийг хэзээ чмартаж болохгүй дээ
mundag ard tymen shyy. hynii bogs dolooh durgyi…. mongol bol harin esregeeree….. manj hyatad tyvd oros…. odoo 3-r horsh, 4-r horsh, olon ulsiin valutiin san geed dolooj ogno….. heden zuunii tursh duhaa tsoortol morgood ch guilgachin, asem hiij altsaganaad ch guilgachin…. iim l tarhigyi mankuuruud tyyhiin hog deer hayagdaad yldlee