Жил бүрийн есдүгээр сард болдог сэтгүүл зүйн шилдэг бүтээлд шалгаруулдаг ёслолын ажиллагаа арван нэг дэх жилдээ зохион байгуулагдлаа.
Энэ жилийн “Балдорж” шагналын шилдгийн шилдэг сэтгүүлчээр У.Ганбаяр, М.Буянбадрах нар “Хүрээлэн төсөл” “Кальмик” их нүүдлийн мөрөөр, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ тодорч, болор цом, өргөмжлөл, 20 сая төгрөгийн эзэн болсноос гадна арга хэмжээний хамтран зохион байгуулагч “Юнител” группээс “Цаглашгүй 8888” сери дугаараа бүтэн жилийн хэрэглээний эрхтэй нь гардуулан өглөө.
Түүнчлэн арга хэмжээний үеэр Юнител группийн дэд захирал Д.Жамъяаншарав хэлсэн үгэндээ “Сошиал платформуудын үсрэнгүй хөгжил нь хүн бүрийг л мэдээлэл бүтээгч, түгээгч болгож байгаа мэт харагдав ч тэр дунд мэргэжлийн сэтгүүл зүйн байр суурь бат байх нь чухал. Технологийн дэвшлийг ашиглан сэтгүүлчид баттай эх сурвалжийн мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх нийгмийн хэрэгцээ шаардлага үүсэж буй” хэмээн онцоллоо.
Харин тусгай байрт Ub.life сайт, “Гэрэг” сэтгүүлийн тоймч Б.Энхцэцэг “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлагаараа, Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа ЖДҮ-г тойрсон цуврал нийтлэл, сурвалжлага, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” цуврал нийтлэл тус тус шалгарлаа.