ОУВС-гийн мэдээллээр Өмнөд Солонгос улс ДНБ-ий түвшнээрээ Орос, Австралийг гүйцэж, 11-р байрт орсон байна. ХХ зууны хоёрдугаар хагасаас эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө “Солонгосын гайхамшиг”-ийг бүтээсэн энэ улс НҮБ-ын Хүний хөгжлийн индексээр ч дэлхийн 25 тэргүүлэгчийн нэг. Гэвч ажлын байран дээрх дарамт шахалт дэлхийн томоохон эдийн засгийн нэгийг сүйрүүлж мэдэхээр байна гэж Fergana.agency-д мэдээлжээ.
Олон улсын хүний эрхийг хамгаалах Freedom House байгууллагын үнэлгээгээр Өмнөд Солонгосын эрх чөлөөний нөхцөлт чансаа 100-гаас 83 оноо авахаар хангалттай өндөр гарчээ. Энд төр засагтаа үгээ хэлэх, улс төрийн плюрализм гээд улс төрийн эрх чөлөө өндөр. Гэвч хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах үзэгдэл бусад орнуудын адил түгээмэл.
Дарга удирдлагуудын зүгээс дур зоргоороо аашилдаг, доод албан тушаалтны ажилтнуудаа гутаан доромжилдог, заримдаа гар хүрэх асуудал компаниудад их гардаг байна. Солонгосын хөдөлмөрийн зах зээлийн хүрээлэнгээс 2018 онд явуулсан санал асуулгаар оролцогчдын 60 гаруй хувь нь үүнийг биеэрээ мэдэрсэн гэсэн бол 25 орчим хувь нь өөрсдөө доод албан тушаалтнаа дарамталснаа хүлээн зөвшөөрчээ. Үндэсний хүний эрхийн комиссоос явуулсан өөр нэгэн судалгаагаар оролцогчдын 73 хувь нь дээрээс дайралт ирсэн гэж гомдоллосон байна. Мөн 10 хувь нь ийм зүйлтэй байнга тулгардаг гэжээ. Эдгээрээс зарим тохиолдол нь нийтэд ил болж, шүүхээр хүртэл таслан шийтгүүлж байсан удаатай.
Төр засгаас үүнд анхаарч, ажилтнуудаа дарамталж шахсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль хүртэл батлагдсан боловч энэ асуудал хэвээр байна. “Workplace Gapjil 119” хүний эрхийг хамгаалах бүлэгт сард бүр хэдэн зуун ийм гомдол ирдэг байсан бол хууль батлагдсанаас хойш сард л 1000 орчим гомдол хүлээн авдаг болсон гэнэ.
Үнэндээ асуудал алгуурхан сайжирч л байна. Тэгвэл асуудал хэрхэн илэрч байна вэ?
Нэгэн үнэтэй мухлагийн менежер Ли Хе Вон анхандаа ажилдаа сэтгэл хангалуун байсан тухайгаа ярьжээ. Гэвч дарга нь үнэхээр бүдүүлэг нэгэн байсан тул байнга л доромжилж, доош нь хийдэг болсон гэнэ. Тэр ч бүү хэл гэрт нь очоод хувцас, сав суулгыг нь угааж, нохойг нь салхилуулахыг хүртэл шаардах болжээ.
Тиймээс ч тэр хэлсэн бүгдийг нь хийдэг байсан гэнэ. IT-гийн мэргэжилтэн Ким Хён Ву хэдэн жилийн өмнө нэгэн стартап компанид ажилд оржээ. Компани нэлээд ирээдүйтэй санагдаж байсан ч ажил нь өөрөөр эргэж гэнэ. Жаахан л алдаа гаргавал шанаа хүртдэг болсон тэрбээр нэг удаа даргадаа цусаа урстал алгадуулж байснаа ярьжээ. Кимийн хамт ажилладаг нэгэн залууг ажил дээрээ өөр өнгийн цамц өмсөж ирсэн гээд гольфын цохиураар хүртэл цохисон гэнэ. Ийм түүхүүд цөөнгүй. Ихэнхдээ үг хэлээр гутаан доромжилсон гомдол ирдэг бол гар хүрсэн гэх гомдол харьцангуй цөөн гэнэ. Заримдаа ажилтнууд нэмэлт ажил хийх, заримдаа үүрэг хариуцлагаар хэт даруулах тохиолдол гарна.
“Workplace Gapjil 119” бүлгийн ажилтнууд өдөрт хэдэн арван гомдол дээр ажилладаг. Хэдэн жилийн өмнө энэ бүлэгт нэгэн томоохон гомдол иржээ. “Korean Air”-ын дэд ерөнхийлөгч Хизер Чо буюу компанийн тэргүүн Чо Ян Хогийн охин Нью-Йоркоос Сөүл рүү нисч явахдаа онгоцон дотор дуулиан тарьжээ. Түүнд самрыг тавганд бус, ууттай нь өгсөн гэж уурлан хашхирч, онгоцноос буулгахыг шаардсан байна. Үүний улмаас хэдэн зуун зорчигчтой, нисэхэд бэлтгэж байсан онгоц терминал руугаа буцахаас өөр аргагүй болжээ. Онгоцны ахлах үйлчлэгч Пак Чан Чин мэдэгдэхдээ дэд захирал нь өвдөг сөхрөн уучлалт гуйхыг шаардсан гэнэ. Энэ дуулиант түүх шүүхэд очиж, баян айлын буруутай охинд хэдэн сарын хорих ял оноожээ. Үнэндээ энд ажилтнуудыг гутаан доромжилсон гэдгээр нь бус нислэгийн аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулсан гэж ял оноожээ. Үүнээс гадна тэрбээр иргэний гомдлын дагуу хэдэн арван мянган доллар төлөх шаардлагатай болсон юм. Гэхдээ энэ бол “Korean Air”-ын хувьд байнга гардаг дуулиануудын зөвхөн нэг хэсэг.
Хизерийн охин дүү Чо Хен Мин ч мөн нэгэн хурал дээр менежер рүү ус цацсан түүхтэй. Харин тэдний ээж Ли Мен Хи-г ажилтнуудаа системтэйгээр доромжилдог гэж буруутгажээ. Тэдний цэцэрлэгч нь Ли Мен Хи-г өөр рүү нь хогийн ургамал муу түүлээ гээд цэцэрлэгт хэрэглэдэг хайч шидэж байсан гэж мэдэгдсэн бол өөр нэгэн үйлчлэгч нь ваар шидэж байсан, өвдөг сөгдөн уучлалт гуйхыг шаардсан гэсэн байна. Энэ бүгдийг Ли Мен Хи хүлээхгүй байгаа ч компаниас үнэний хувьтай гэж мэдэгджээ.
Үүнээс ч ноцтой хэрэг бас бий. Өнгөрсөн жил интернэтэд Ян Чин Хо хэмээх нөхрийн нэгэн бичлэг цацагдаж дуулиан тарьсан юм. “Korea Future Technology” компанийн тэргүүн, алдартай файл дамжуулах сүлжээний эзэн тэрбээр ажилтнаа интернэтэд бичсэн комментоос болж нүүр рүү нь цохиж, уучлалт гуйхыг шаардсан байна. Сүүлд нь тэрбээр зугаацах зорилгоор тахиаг нум сумаар намнах, эсвэл сэлмээр толгойг нь цавчихыг ажилтнууддаа үүрэг болгодог байсан нь тогтоогджээ. Тэр ч бүү хэл ажилтнуудаа үсээ янз бүрийн өнгөөр будахыг шаардаж, будуулсан зураг нь интернэтээр цацагдсан.
Өмнөд Солонгост “Гапжил” гэж нэрлэдэг энэ үзэгдэл яагаад ийнхүү тархах болов? Энэ бүгд захирах, захирагдах ёс эртнээс уламжилсан, нийгмийн давхаргын хатуу төсөөллөөс үүдэлтэй гэж зарим нь үзэж байхад зарим нь ХХ зууны хоёрдугаар хагаст эдийн засгийн өсөлт бий болж, улс төрийн дарангуйлал тогтсоны дараа чеболь буюу гэр бүлийн томоохон корпорациуд бий болсон, энэ нь үндэсний эдийн засгийн үндэс суурь болсонтой холбоотой гэж үзэж байна. Сүрдүүлж дарамтлах нь зорилгодоо хүрэх гол хэрэгсэл гэж төр, бизнесийн төлөөллүүд үздэг.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ч “Гапжил”-ыг хөдөлмөрийн зах зээлийн гол асуудал гэж нэрлэж байна. Тиймээс саяхнаас ажилтнуудаа доромжилбол торгууль төлөхөөс эхлээд хэдэн жилээр хорих хүртэл ял оноох хууль баталжээ.
Энэ үзэгдэл тодорхой нэг хүмүүст төдийгүй эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байна. Даргадаа байнга дарамтлуулсан ажилтнууд сэтгэл гутралд орж, ажлын бүтээмж нь буурч, халагдах магадлал өндөр. Өөр нэгэн улсад явуулсан судалгаагаар үүнээс болж үндэсний түвшинд хэдэн тэрбум доллар алдах магадлалтай байдаг гэнэ. Өмнөд Солонгост л гэхэд жилд 4 тэрбум орчим доллар “Гапжил”-аас болж алдагддаг байх магадлалтай.
Эх сурвалж: bilimdinews.kz