Ус сувгийн удирдах газрын түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хяналт удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
“Хяналт удирдлагын төв” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын систем, нэвтрэх систем, шугам сүлжээний гэмтэл зэргийг хянаж, горимын оновчлолыг хэрэгжүүлэн алсаас удирдах боломжтой гэдгийг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү онцолсон юм.
Азийн хөгжлийн банкны дэмжлэг туслалцаатайгаар “Хяналт удирдлагын төв”-ийг барьж байгуулсан бөгөөд ус хангамжийн ариутгах татуургын систем тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангах үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай үзүүлэх боломжтой болж байгаа аж.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хяналт удирдлагын төвийн үйл ажиллагаа цаашид улам өргөжиж, телеметр хяналтын скада системийг бүрэн хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын усан хангамжийн системийн эх үүсвэрээс хэрэглэгч хүртлэх бүх үйл ажиллагааг хянаж удирдан, ус хангамжийн системийн аюулгүй байдал бүрэн хангагдаж, хамгийн гол нь усны алдагдал буурч нөөцийг үр ашигтайгаар зарцуулах боломж бүрдсэнд туйлаас баяртай байна. Мөн “Хяналт удирдлагын төв” нь 24 цагийн турш хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх юм” хэмээв.
Нээлтэд Барилга хот, байгуулалтын яамны сайд Х.Баделхан, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Давга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү тэргүүтэй холбогдох албаныхан болон Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид, тус газрын үе үеийн ажилтан, албан хаагчид оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ус суваг удирдах газрын дарга Ц.Төрхүү төслийн гүйцэтгэгч компани “Титан тауэр” констракшнд гэрээт хугацаанд барилга угсралтын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн хэмээгээд “Талархалын бичиг” гардууллаа.