-Нефтийн үнэ хэдхэн цагийн дотор долоон хувиар унаж, өнгөрсөн оны сүүлчийн хэмжээнд хүрлээ. Оросын төсөв асуудалтай тулгарлаа гэж шинжээчид мэдээлсэн юм-
Ням гаригт нефтийн үнэ үргэлжлэн 2.5 хувиар унагалаа. Хойд тэнгисийн хольцийн наймааны жишгийн Brent нефтийн нэг баррель нь 47 доллараар зарагдаж оросуудыг сандраав. Ердөө хоёр хоногийн дотор нефтийн үнэ долоон хувиар унах нь Оросын төсөвт том цохилт юм. Уналт эргэн сэргэхгүй бол төсөвт хамаагүй бага мөнгө орж ирэх болно.
Нефтийн зах зээл ийм хөдөлгөөнд ороогүй удсан. Олон ч хүн нефтийн үнийн уналтыг мартсан байжээ. Орчин цагийн газрын тосны зах зээл тогтворгүй, савчилт ихтэй байх нь ээ гэдэг нь үйл явцаас тод харагдав. Зах зээлийн энэ хүчтэй уналтын шалтгааныг удаан хайж болох ч нефтийн олборлолт буурсан нь үнэ нэмэх шалтгаан биш шүү гэдгийг үйл явц бас давхар харуулсан юм.
Газрын тосны зах зээлд гарсан энэ өөрчлөлтөөс үүдэн наймаачид нефть зөөгч хөлөгтөө хадгалаж байсан нөөцөө зарж эхлэх шиг болов. Учир нь жилийн дараа нийлүүлэгдэх фьючерсийн үнэ болон ойрын үед худалдаалагдах нефтийн гэрээний үнийн ялгаа 1.2 доллар хүртэл нэмэгджээ. Энэ ялгаа хөлөг түрээслэн нефть хадгалах нь ашиггүй гэдгийг мөн харуулав.
Оросын хувьд нефтийн үнийн ийм уналт яав ч сайн зүйл биш. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ төсөвтөө нефтийн наймааны нэмэлт орлого хэмээн 18.5 тэрбум рубль төлөвлөгдсөн ч нэмж 64.5 тэрбумыг авчээ. Гэвч ингэж ашиг буурсан нь дөрөвдүгээр сард хийн ба нефтийн бүтээгдэхүүний экспорт төлөвлөж байснаас доогуур үзүүлэлттэй гарсантай холбоотой аж. Ашиг буурсан бас нэг шалтгаан нь рубль долларын солилцооны ханш болсон байв.
Доор байгаа Brent маркийн нефтийн рублийн үнийн графикийг харахад ойлгомжтой харагдана. Хэрэв дөрөвдүгээр сарын дундуур баррелийн үнэ нь 3000 рублиэс дээш байсан бол тавдугаар сард үүнээс доош хэмжээнд нефть зарагдаж байна. Энэ удаагийн уналтаар торх нефтийн үнэ 2700 рубльд ойртоод ирсэн байв.
Нефтийг бодвол рүбль эсэргүүцэл сайтай, уналтад тэсвэртэй байгаа ч энэ удаагийн үнийн савалгаанд тус нэмэр үзүүлсэнгүй. Гэнэтийн үнийн савалгаа оросуудыг сандаргасны дараа Brent үнийг засах ажилд орсон ч нөхцөл байдал сайжирсангүй. Ням гарагийн өглөө $50.5 доллараас доош үнээр арилжаалагдаж байсан газрын тос эргээд $52 долларт хүрэв. Гэхдээ гэнэтийн ашгаа унагаасан наймаачдаас юу ч гарч болно. Ирэх сард ОРЕС олборлолтоо хязгаарлах, тохиролцоогоо дахин сунгах эсэхээ шийдэнэ. Гэвч эцсийн шийдвэр гартал нефтийн үнийн савчилт хүчтэй үргэлжлэх нь ойлгомжтой.
Дэлхийн хэмжээнд нефтийн шинэ ордын ашиглалт доод цэгтээ хүртэл буурчээ
Дэлхийн хэмжээнд нефтийн салбарын хөрөнгө оруулалт ба геологи хайгуулын ажил 70 жилийн хугацаанд доод цэгтээ хүртэл буурчээ. Хайгуул хийгдэн нөөц нь тогтоогдсон нефтийн ордын тоо 2017 онд 2002 оны хэмжээнд хүртлээ буурсан гэж International Energy Agency (Олон улсын эрчим хүчний агентлаг) илтгэлдээ мэдээлсэн байна.
Нефтийн шинээр нээсэн нөөцийн хэмжээ өнгөрсөн онд 2.4 тэрбум баррель хүртэл унажээ. Сүүлийн 15 жилд энэ үзүүлэлт дундажаар 9 тэрбум баррель байсаар ирсэн юм. Харин өмнө нь нээсэн ордоос ашиглагдаж байгаа нефтийн хэмжээ нь өнгөрсөн оны эцсийн дүнгээр 30 хувиар унан 4.7 тэрбум баррель хүрсэн бол хөрөнгө оруулалтын шийдвэр нь гарсан төслийн тоо 1940 оноос хойших хамгийн бага хэмжээнд хүрчихээд байна.
Нефтийн салбарын идэвхи ингэж буурсан нь мэдээж, нефтийн үнийн савчилттай холбоотой. Харин уламжлалт нефтийн салбарын уналт нь АНУ-ын занарын нефтийн салбарын идэвхижилттэй давцаж буй нь сонирхол татаж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар занарын нефтэд хөрөнгө оруулах сонирхолтой этгээдийн тоо 2014 оныхоос өсч, үйлдвэрлэл нь 50 хувиар өссөн аж.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС