Герман улсын Бюделсдорф хотноо жил бүр уламжлал болон зохиогддог “Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа зургаадугаар сарын 01-нээс аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж байна. Есдүгээр сарын 21-ний өдрийн “Гэрлийн урт шөнө” арга хэмжээний хүрээнд “Норд-Арт 2019” шагнал болон Үзэгчдийн нэрэмжит шагналын эздийг тодруулжээ. Дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран бүтээлчид энэ жилийн “Норд-Арт”-д оролцсон бөгөөд манай уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд “Дэгрээ” нэртэй 21x17x3.2 метр хэмжээтэй төмөр баримлын инстоляц бүтээлээрээ тус үзэсгэлэнгийн дээд шагнал болох “Норд-Арт 2019” шагналын эзнээр тодорчээ.
“Норд-Арт 2019” дээд шагналыг “Норд-Арт” 2020 үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10.000 евроны мөнгөн шагнал дагалдах бөгөөд албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол “Норд-Арт” 2020-ын нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны зургаадугаар сарын 5,6–ны өдрүүдэд болох аж. Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа бөгөөд 2015 онд “Норд-Арт” симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн таашаалд ихэд хүрч “НордАрт 2015″ үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж Европ дахь уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ.
Европтоо хамгийн нэр хүндтэй энэхүү томоохон үзэсгэлэнд Монгол Улс, Герман улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, “Норд-Арт” Монгол Улсын хамтын ажиллагааны таван жилийн ойн хүрээнд Монгол Улсын гурав дахь удаагийн бие даасан павильон “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвээр “Норд-Арт 2019”-д тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдаж, манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл оролцож буй билээ.