Дотоодын улс төрийн тэмцэлдээ дэмжлэг авахын тулд Украины Ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн дуулианд өртсөн дуулианд нэр холбогдоод байгаа Ерөнхийлөгч Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах албан ёсны шийдвэрийг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим гаргажээ.
Санаачилга конгрессын доод танхимаас гарсан байна. Тиймээс энэ санаачилгыг Бүгд Найрамдахчууд олонх болдог сенатын танхим дэмжих магадлал бага байгаа талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Д.Трамп гадаад улсын төрийн тэргүүнтэй утсаар ярихдаа зохисгүй зүйл ярьсан тухай мэдээ анх өнгөрсөн долоо хоногт хэвлэлд нийтлэгдсэн. Энэ нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болох нь сүүлд тодорхой болсон.
Трампын яриаг АНУ-ын тагнуулын байгууллагын нэгэн ажилтан буюу “шүгэл үлээгч” дэлгэсэн бөгөөд энэ тухай гомдлоо хууль хяналтынханд гаргаад байгаа. Трамп Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден болон түүний хүү Хантер Байден нартай холбоотой авлигын асуудлыг шалгахыг хүссэн ба ингэхдээ Украинд үзүүлэх гэж байсан АНУ-ын тусламжийг барьцаалж, шахалт үзүүлсэн тухай энэ гомдолд дурдагдсан байгаа.
Б.Обамагийн засаг захиргааны үед Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Жо Байден 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан Намын сунгаанд өрсөлдөж байгаа юм.
Түүнийг Трамптай өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэг хэмээн үзэж байгаа. Байден Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Цагаан ордны Украинтай харилцдаг гол хүний нэг байсан бөгөөд түүний хүү Хантер нь Украины байгалийн хийн компанид хувь эзэмшдэг байжээ. Тиймээс Украинтай харилцах харилцаанд нь эрх ашгийн зөрчил байсан гэж үзэх эх сурвалжууд ч бий юм.
Харин Трампыг Байдентай холбоотой асуудлыг Украины талаар шалгуулж, өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагах арга сэдсэн гэсэн хардлага үүсээд байна. Д.Трамп долдугаар сарын сүүлээр Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа Байдены асуудлыг сөхсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн Украинд үзүүлэх тусламжийг саатуулсныгаа тус улсын Засгийн газрыг илүү идэвхтэй хамтарч ажиллуулахын тулд үзүүлсэн шахалт гэж тайлбарлажээ.
Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси “Саяхан Ерөнхийлөгч улс төрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд Украины ерөнхийлөгчөөс дэмжлэг хүссэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Хууль зөрчсөн энэ үйлдлийнхээ төлөө ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой” гэж өчигдөр мэдэгдсэн. Гэхдээ тэр өнөөдрийг хүртэл Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулахаас татгалзаж байсан юм.
Харин Дональд Трамп “Тэд миний утсаар ярьсан ярианы тэмдэглэлийг хараагүй байж ийм алхам хийж буй нь цэвэр улс төрийн явууллага юм” гэж Ардчилсан Намынхныг буруутгаад Украины Ерөнхийлөгчтэй хийсэн ярианыхаа тэмдэглэлийг ил болгож, зохисгүй зүйл яриагүйгээ батлан харуулахаа амласан байна.
Одоо конгрессын байгуулсан тусгай комисс Трампыг Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа хууль зөрчсөн эсэхийг мөрдөн шалгана. Хэрвээ буруутай нь тогтоогдвол төлөөлөгчдийн танхим АНУ-ын ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах юм. Уг танхимд Ардчилсан Нам олонх болдог тул дэмжигдэх өндөр магадлалтай.
Харин дараагийн шатанд Бүгд Найрамдахчууд олонх болдог сенатын танхимаар дэмжигдэх магадлал бага байна. Хэрвээ сенатын гишүүдийн гуравны хоёр нь Ерөнхийлөгчид итгэл үзүүлэхгүй гэвэл Дональд Трамп албан тушаалаасаа огцрох боломж нээгдэх юм.
Эх сурвалж: BBC