Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлж буй Инж-Ану ХХК, хичээлийн 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Э.О-н цайны газарт хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Инж-Ану ХХК нь зориулалтын бус байрыг өөрчлөн засварлаж гал тогооны зориулалтаар ашигласан, хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулсан, үйл ажиллагаандаа эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлээгүй, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, дотоодын хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.
Хичээлийн 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Э.О-ий ажиллуулж буй цайны газар нь үйл ажиллагаа эрхлэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт хийлгэж, бүртгүүлээгүй, гал тогооны хана таазны будаг ховхорч, ан цав үүссэн, ердийн болон механик агааржуулалтын төхөөрөмжийн хүчин чадал хангалтгүй, бохир ус зайлуулах, ариутгах татуургын хэсгийн шугам сүлжээнд холбогдсон, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулсан, аяга таваг хадгалах, хатааж, ариутгах төхөөрөмжгүй, дотоод хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Илэрсэн зөрчлийг үндэслэн Инж-Ану ХХК-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулан зөрчлийг арилгуулах үүрэг даалгавар өгч, иргэн Э.О-тэй байгуулсан гэрээг цуцалж, цайны газрын үйл ажиллагааг зогсоох, стандартын шаардлага хангасан хоолны газар ажиллуулах талаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлсэн байна.