“Томоохон төслүүдээ хөдөлгөнө” гэдэг “тэнэг” үгийг сонсоод лав хориод жилийн нүүр үзлээ. Эхэндээ үе үеийн төр, засгийн тэргүүнүүд хоолойгоо засч байгаад хэлдэг байв. Харин улс төрд “шоолуулж” сайд хийсэн хоёр бөх арай дөнгүүр “үлгэр” яриад байгаа юм.
Жүдогийн холбооны ерөнхийлөгчөөс эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч болтлоо карьераа өсгөхдөө ЗТБХБ-ын сайдаар “дамжаад” өнгөрсөн Х.Баттулга 2009 онд “Зүүн Хойд Азидаа жүүд шиг байхсан” гэж мөрөөдлөө бичсэн. Гол санаа нь Хоцорч яваа, гэвч асар их боломж өмнө нь нээгдэж буй жижиг улсын хувьд бид одоо тун ухаалаг байж, бурхнаас олгосон алтан боломжийг ашиглан хүчирхэгжиж авах хэрэгтэй боллоо.
Өршөөл энэрлийг мэдэхгүй өрсөлдөөнд тэсч үлдэх, оршин тогтнохын тулд бидэнд жүүд ухаанаас суралцах хэрэгцээ байна. Хоёр аваргын дундаас хожоо унагах, холыг харах шаардлага байна. Ядаж цөөн хэдэн иргэнээ хортой архи, түймэр, шуурга мэтхэний уршгаар хорвоогоос явуулаад баймааргүй. Өндөр технологи эзэмшсэн, ухаалаг, зальжин израилчуудаас суралцаж Зүүн хойд Азидаа жүүд шиг байх сан.
Энэ нь үнэндээ хүрч болох супер төлөвлөгөө байсан юм л даа. Манайхан л гоочлоод нэг бөх металлургийн үйлдвэр яриад байна гэж сүрхий шоолсон юм даг. Тэрбээр “Хөгжлийн галт тэргэндээ суулгаад явна” гэсэн Ши Жиньпинийг хүлээх биш байгалийн баялгаараа ухаалаг менежмент хийж хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн монгол муйхарлалаар мөрөөдсөөр байснаасаа одоо ч ухраагүй. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны дөрөвдүгээр сарын 29-нд Бээжинд болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр “Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төсөлдөө уриалсан.
Та бүхэн санаж байгаа бол 2012 оны наймдугаар сарын эхээр Дархан, Сэлэнгийн бүс нутагт Металлургийн цогцолбор буюу хар төмөрлөгийн үйлдвэр барих төслийг тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Сангийн яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Германы “IBO” компани зэрэг гадаад, дотоодын яам, агентлаг, компаниуд хамтран байгуулахаар болж байв. Уг төслийг боловсруулах зөвлөлдөх уулзалтад ХБНГУ-ын “IBO” компанийн зөвлөх Иорг Оверлаендер, Металлургийн цогцолборын түүхий эдийн нөөц, дэд бүтцийн урьдчилсан судалгааны болон Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн багийнхан оролцон жилдээ 0.5-1 сая тонн ган гаргаж авах хүчин чадалтай Металлургийн цогцолборыг Дэлхийн банкны санхүүжилтээр барих, шаардлагатай кокс-химийн үйлдвэрийг байгуулахын тулд 500-800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай тухай ярьцгааж байв.
Мөн 2015 оны есдүгээр сард “Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн зах зээлийн нөхцөлд тогтвортой, эдийн засгийн эргэлтэд оруулж ажиллаж чадах кокс, хими, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэх чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК болон “Бэрэн групп” хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд жилд 500.000 тонн хүртэл металлургийн кокс, химийн бүтээгдэхүүн, 300.000 тонн ган төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн хэмжээний цогцолбор үйлдвэрийг барьж байгуулах бөгөөд энэхүү төслийн анхан шатны эдийн засгийн тооцоо судалгаа хийх, төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.
Кокс, хими, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг байгуулснаар олон улсын металлургийн чанар, стандартын дагуу металлургийн кокс, бензол, аммиак, фенол, битумен, хүхрийн хүчил болон илүүдэл коксын хийгээр цахилгаан эсвэл шингэрүүлсэн хий (SNG), арматур, барилгын бусад ган төмөрлөг бүтээгдэхүүн, ган бөмбөлөг (JIS) зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг бүрэн хангах боломжтой болно” гэж “хошгируулав”.
Хаана байна тэр үйлдвэрүүд? Харин одоо дахиад нэг бөх гарч ирээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. Гэхдээ түүний “үлгэр” арай ажил хэрэгч болоод явчихлаа. Цаадхыг чинь Дэлхийн эдийн засгийн форумд оролцож, Торонтод болсон олон улсын уул уурхайн чуулга уулзалтын индрээс “Монгол Улс хөгжлийн хурдасгуур” томоохон төслүүдийг танилцуулахад гадаадын хөрөнгө оруулагчид байтугай дотоодынхон гайхаж цочирдсон юм даг.
Тэр их сонин нөхөр л дөө. Миша баавгай шиг төгөлдөр хуур дарж байгаад УИХ-д сонгогдчихсон. Хааяа нэг асуулга тавихаас өөрөөр байгаа үгүй нь мэдэгдэхгүй, банкны чиглэлээр ажиллаж байсан гэх мөртлөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болж алмайруулсан.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ашигт малтмал, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан нь бараг энэ салбарт сайдаар ирэхээ мэдээд байсан юм биш биз гэх хардлага ч төрөх шиг.
Сайд болсноосоо хойш гацчихаад байсан Тавантолгойн IPO-г “Би л хийнэ” гэж цээжээ дэлдсэн. Цаг хугацааны хувьд амжих боломжгүй байсан болохоор түүнээс дээгүүрх зиндааныхан бараг басссандаа шийдвэр гаргаж өгсөн ч юм билүү. “Энэ онд багтаж иргэн бүрийн 1072 хувьцааг олгох боломж бүрдүүлнэ”, “Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах эхлэлийг тавина” гэхчлэн түүний нуруун дээр бараг МАН-ын сонгуулийн амлалт “ачаатай” яваа.
Бөхчүүд ийм зөрүүд юм уу, яг л бөх байсан Х.Баттулга шигээ дөргүй зүтгэж байгаа Д.Сумъяабазар сайд хэдхэн хоногийн дотор нэг чухал тушаал гаргаадахжээ. Тушаал доторх “цахилгаан төлөвлөгөө” буюу “аварга төсөл” ёсоор бол яах аргагүй Монголын хурдасгуур гэгч нь юм аа.
Юуны өмнө Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай боловсруулж оруулж ирэхийг даалгасан байна. Сайдын тушаалын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудлыг эрчимтэй судлах нэг байгуулан уг асуудлаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах ёстой юм байна. Мөн Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах, нүүрс-хими, нүүрс-эрчим хүч, метан хийн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах асуудлыг судлах судалгааны нэгж байгуулан ажиллуулах, Тавантолгойн ордод түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тухай санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг даалгажээ. Хуучин мэт санагдавч өнөөгийн нөхцөл байдлын хувьд зоривол болохгүй ч юм алга.
Цаашилбал Газрын тос боловсруулах үйлдвэр дээр түшиглэн Сайншандын аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх, үүний томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть химийн үйлдвэрийн суурийг тавина гэнэ. Ингэснээр ЕВРО-4, 5 стандартын шаардлага хангасан автобензин, дизель түлш, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий, мазут болон бусад дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх юм байна.
Түүний тушаалд заасан төлөвлөгөөний цар хүрээ, үр ашгийн хувьд бол үнэхээр “Аварга төсөл” юм. Нэг аваргын чадаагүйг нөгөө аварга үргэлжлүүлж яагаад болохгүй гэж. Х.Баттулга, Д.Сумъяабазар нарын хэн хэн нь тамирчин, Монгол Улсын төрийн далбааг сонсоод халуун нулимсаа унагахаас нэрэлхдэггүй, хөлс хүчний үнэ цэнийг мэднэ. Тэнэг мангар, боловсрол нь өндөр нам гэхийг үл тоон улс орны нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах боломж тэдэнд шил дараалан олдчихлоо.
Захиалгагүй, урилгагүй орж ирсэн бөхчүүд улс орныхоо эдийн засгийг өөд татаж хөгжлийн шинэ шатанд гаргах нь монголчуудын төөрөг зураг ч юм билүү. Хүссэн ч, эс хүссэн ч энэ хоёр бөх л тэр яриад байгаа “том төслүүдийг хөдөлгөх”, Зүүн хойд Азид жүүд шиг байхын тулд улс төрийн, геополитикийн дэвжээн дээр уран мэхээр уралдаж барилдах тавилантай юм болов уу даа. Ямартай ч “Аваргуудад өвлөгдсөн Аварга төслүүд”-д амжилт хүсье!
Б.БАЙГАЛЬ