Зарим хүмүүс агуу их үйл хэргийг бүтээхэд нас нь хэтэрхий оройтчихсон гээд сууж байхад зарим нь том амжилт гаргахад хэтэрхий бага балчир байна гэх нь бий. Тэгвэл амжилтад хүрэхэд нас ямар ач холбогдолтой вэ?
Христийн нас буюу 33 нас, түүнтэй ойролцоо хугацааг хүний амьдралын хамгийн үр бүтээлтэй, уран бүтээл, эрч хүчээр дүүрэн үе гэж үздэг. Гэхдээ алдартнуудын ид оргил насуудыг харвал энэ нь зарим талаараа үнэн ч бас зөрөх нь бий.
Удирдагчид, дайчид болон баатрууд…
Ромын догшин эзэн хаан Гай Цезарь буюу Калигула нь 28 насандаа хуйвалдагчдын гарт амиа алдсан. Ромын өөр нэгэн алдартай эзэн хаан Нерон бүгдэд үзэн ядагдаж, 30 насандаа амиа егүүтгэсэн. Македоны Александр ч 32 насандаа хордож үхсэн. Үүнээсээ өмнө Грек, Сири, Египет, Ази, Энэтхэгийн талыг эзэлсэн билээ.
Оросын I Петр хаан л гэхэд 10 насандаа бүх Оросын хаанаар өргөмжлөгдөж, 15 жилийн дараа хилийн чанадад гараад нэг жил болоод ирэхдээ арми, флот, бүх Оросыг өөрчлөн шинэчилсэн. Германы гүнж, амрагийн явдлаараа алдаршсан II Екатерина 33 насандаа Оросын хатан хаан болж байсан түүхтэй.
Францын эзэн хаан Наполеон Бонапарт Египет болон Европ орныг 30 насандаа эзэлж, 41-тэйдээ Оросыг чичиргэж, 51 насандаа англичуудын олзонд ороод нас барсан.
II Николай хаан 28 насандаа Оросын эзэнт гүрний хааны титмийг авч, 50 гаруй насандаа большевикуудад гэр бүлийнхэнтэйгээ буудуулж, засгийн эрхнээс унасан байдаг. Лениний том ах Александр Ульянов хааныг хөнөөх тэсрэх бөмбөг худалдан авахын тулд онц сурлагатан гэдгээрээ авсан алтан медалиа зарж байсан. Гэвч халдлага нь амжилтгүй болж, оюутан Ульянов илчлэгдэн шүүхэд очиж, 21 насандаа дүүжлүүлж амиа алдсан гэнэ. Тухайн үед Ленин 17 настай байсан бөгөөд хоёр жилийн дараа мөн л хувьсгалч болжээ. 27 насандаа анх удаа баригдаж, 32-тойгоо цөлөгдөж, 35-тайдаа Европт цагаачилсан юм. Ленин 47 насандаа 1917 оны хувьсгалтай учирч, жилийн дараа Фанни Капланы суманд оногджээ.
Уран бүтээлчид…
Микеланжело 26-тайдаа “Давид” баримлаа бүтээсэн бол Сальвадор Дали сюрреалист зургуудаа 24 настайдаа зурж эхэлсэн. Ханс Христиан Андерсен 30 насандаа “Ямх охин”, “Вандуйн дотор гүнж”, 32 насандаа “Лусын дагина” бүтээлээ туурвижээ. Харин Пушкин 18 насандаа “Руслан, Людмила 2” найраглал, 24-тэйдээ “Евгений Онегин”-ээ зохиож, 37 насандаа дуэльд амиа алдсан. Түүнийг хөнөөсөн Дантес болон эхнэр Наталья Гончарова нь тухайн үед 25 настай байсан юм.
Михаил Лермонтов 17 настайдаа “Ганцаардсан дарвуулт завь цайран харагдана”, 23-тайдаа “Бородино” зэргээ бичсэн.
Фёдор Достоевский хувьсгалт үйл хэргээр 28 насандаа саатуулагдсан бөгөөд 31 насандаа цөлөгдөж, 44 насандаа “Гэм зэм” бүтээлээ гаргасан. Лев Толстой “Дайн ба энх”-ээ 35 наснаасаа эхлэн туурвисан бол Сергей Есенин 19 насандаа анхны шүлгээ бичиж, 21 насандаа цоморлигоо гаргаж, 27 насандаа Америкийн бүжигчин Исидорж Дункантай гэрлэсэн түүхтэй. Харин 30 насандаа боомилж нас баржээ.
Хөгжимчид…
Моцарт шилдэг дууриа 28 насандаа бүтээж, 35 насандаа нас барсан. Пётр Ильич Чайковский Тавдугаар симфони, “Евгений Онегин” дууриа 37 насандаа бүтээсэн.
Маккартни алдарт “Yesterday” бүтээлээ 23-тайдаа туурвисан бол Элвис Пресли анхны дуугаа 18 насандаа студид бичүүлжээ. Майкл Жексон 5 наснаасаа дуулж эхэлсэн ч 24-тэйдээ “Триллер” нэртэй гоцлол цомгоо гаргаж, 27 наснаасаа цайрч, 38 насандаа бага насны хүүхдийг уруу татсан хэрэгт холбогдсон.
Владимир Высоцкий 26 насандаа дуунуудаа магнитофонд бичиж, 42-тойгоо нас барсан. Тэгвэл Алла Пугачёва “Арлекино” дуугаараа 26 насандаа алдаршиж, 30 насандаа “Дуулдг эмэгтэй” кинонд тоглож, 31 насандаа Раймонд Паулсын “Маэстро”-г дуулж, 37-тойгоо Владимир Кузьминтэй “Хоёр од” дуугаа олонд хүргэсэн. Гурав дахь нөхрөөсөө 44 насандаа салж, 27 настай Филипп Киркоровтой гэрлэсэн бол 10 жилийн дараа “хөгшин” болгар нөхрөө өөрчилж, 35 настай Галкинтай гэрлэсэн юм. Тухайн үед тэрбээр 62 настай байлаа.
Хөгшчүүдэд боломж бий юу?
Леонардо да Винчи алдарт “Мона Лиза”-гаа 51 насандаа зурсан гэдэг. Христофер Колумб 41 насандаа Америк тивийг нээсэн бол Михайло Ломоносов 44 насандаа Москвагийн их сургуулийг үүсгэн байгуулсан. Карл Маркс “Капитал”-аа 49 настайдаа бичсэн байхад Зигмуд Фрейд 43 насандаа сэтгэцийн дүн шинжилгээний аргаа танилцуулсан түүхтэй.
Эх сурвалж: aif.ru
3 comments
40-45 насыг залуу гэдэг болохоос хөгшин гэдэггүй юм
ҮҮНИЙГ БИЧИГЧ СЭТГҮҮЛЧ 40-50 НАСНЫХНЫГ ХӨГШЧҮҮЛ ГЭЖ БАЙХ ЮМ, ЯМАР ЮМНЫХ НЬ ХӨГШИН БАЙХАВ ДЭЭ, СУУТ ХҮМҮҮСИЙН ЮМ ХИЙЖ ТОДОРПОГ НАС, СУУТ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ ГЭСЭН НОМЫГ УНШААСАЙ
ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ 31 НАСАНДАА ӨӨД БОЛСОН. исидора дункан