Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, Монгол улсын начин Дашдондовын Батбаярын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн намрын улирлын нээлтийн барилдаан энэ Бямба гараг буюу есдүгээр сарын 28-ны 14:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнөө болно. Энэхүү барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон 256 бөх зодоглоно.
Монгол бөхөд олон амьдай бөх бий. Тэдгээрийн тод жишээ нь Батбаярууд юм. Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын заан Насангийн Батбаяр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын харцага Гэлэгжамцын Батбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаяр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, улсын начин Бадарчийн Батбаяр, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, улсын начин Дашдондовын Батбаяр, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, улсын начин Дугардоржийн Батбаяр хэмээх улсын цолтой зургаан бөх бий.
Гурван бөх нь ижил үсгээр эхэлсэн овогтой учир бөхийн хорхойтнууд болон бөхийн хүрээнийхэн “До, Да, Ду” хэмээн ялган хэлж заншсан юм. Тэдгээр ижил нэр, ойролцоо овогтнуудын нэг улсын начин Да.Батбаяр 2001 он буюу ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар улсын харцага Г.Элбэгээр тав даван шөвгөрч, улсын начин цол хүртсэн бөх билээ.