Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр зууны манлай үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр энэ сарын 22-ны өдөр Орхон аймагт ажиллаж буй бөгөөд ажлын айлчлалынхаа хүрээнд дагалдан яваа албаны хүмүүсийн хамт Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрээр орж, уурхайчдын төлөөлөлтэй уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүсийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, түүний удирдлагын багийнхан хүлээн авч, ажлаа танилцуулжээ.
“Эрдэнэт үйлдвэр сүүлийн гурван жилд Ил уурхайн гүнд болон ойр орчимд геологи хайгуулын ажлыг эрчимжүүлсний үр дүнд цаашид 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тогтоожээ. Анх уг ордыг илрүүлэхдээ дунджаар 300 метрийн гүнд өрөмдөж байсан бол сүүлийн жилүүдэд бид хамгийн гүн цооногт 1,3 км-ийн өрөмдлөг хийж, хүдрийн нөөц байгааг илрүүлсэн байна.
Нөөц баялгийг өсгөх бодлого хэрэгжүүлж уурхайг тэлэх зорилго тавьж, 60 орчим километрийн радиуст хайгуулын ажлыг хийж байгаа юм байна. Ашиглалтын эхэн үетэй харьцуулахад өнөөдөр хүдэр дэх металлын агуулга 2 дахин буурч, уул геологийн нөхцөл хүндэрч байгаа гэж үйлдвэрийн удирдлагууд ярьжээ.
Мөн өртөг зардлаа бууруулахын тулд агаарын тандалтыг хийж, насжилтыг 20 жилээр уртасгасан гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээлсэн байна.
Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай жилд 36 сая тонн хүдэр олборлож байна. Өнөөдрийн байдлаар үүний 31.5 сая тонн нь Баяжуулах үйлдвэрт уламжлалт буюу флотацийн аргаар боловсруулагдаж байна. Үлдсэн хэсэг нь исэлдсэн хүдэр буюу ядуу агуулгатай тусгай овоолгод хадгалдаг аж.
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах цехийн тухайд, өргөтгөлийн анхны ээлж 1989 онд 5.5 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн бол 2015 онд 6 сая тонноор хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл барьж ашиглалтад оруулжээ. Уг өргөтгөлийг хийснээр өнөөдрийг хүртэл Баяжуулах үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний жигд ажиллагааг хангаж байгаа гэнэ.
Үйлдвэрийн удирдлагууд сүүлийн 20 жилийн турш “толгойн өвчин” гэж нэрлэгдсээр ирсэн цагаан тоосыг дарах ажлыг эрчимтэй хийж буй, хэдийгээр хүндрэл бэрхшээл ихтэй ч энэ асуудлыг ирэх жил бүрэн шийдвэрлэх боломж нээгдсэн гэж ярьсан байна.