ЦУОШГ-аас 2019 оны есдүгээр сарын 23-наас 30-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус тайланд дурдсанаар баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, сэрүүсэх гэнэ.
Тухайлбал, 25, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.