Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон этгээд, амбицтай зангаа ээж Шарлотта Жонсон Валаас өвлөн авчээ. Оксфордод 1942 онд төрсөн Шарлотта Жонсон Валын эцэг нь Европын хүний эрхийн комиссын ерөнхийлөгч байсан нэгэн.
Харин тэрбээр Оксфордын их сургуульд суралцаж байхдаа Борисын эцэг Стэнли Жонсонтой танилцжээ. Ингээд 1963 онд гэрлэж, 16 жил хамт амьдрах хугацаандаа гурван хүү, нэг охинтой болоод салсан байна.
Хүүхдүүдээс нь хамгийн том нь Лондон хотын дарга асан, Их Британийн Гадаад хэргийн сайд байсан, одоо тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон юм.
Борисын дүү Жо одоо 46 настай. Парламентын гишүүн тэрбээр саяхан ахтайгаа Брекситийн асуудлаар үзэл бодол зөрчилдөөд авсан. Өөр нэгэн дүү Лео нь кино найруулагч, бизнес эрхлэгч юм.
Харин Борисын охин дүү Английн телевизээр байнга гардаг алдартай зохиолч, тоймч нэгэн. Тэгвэл Борисын ээж алдартай олон үйлчлүүлэгчтэй мундаг уран зураач. Ихэвчлэн хөрөг зурдаг эмэгтэй гэнэ. Борис 2008 онд Лондон хотын даргаар томилогдохдоо ээждээ Лондон хотын төрхийг зурж өгөхийг даалгасан байна. Оффистоо өлгөх гэж тэр шүү.
Шарлотта Жонсон Вал алдартай хүүгээ маш эелдэг, шударга нэгэн гээд “Харагдаж байгаа шигээ тэнэг амьтан биш ээ” гэж мэдэгджээ. Тэр ууган хүүгээрээ маш их бахархдаг ч Ерөнхий сайд болсонд нь маш их санаа зовдог гэжээ. “Ерөнхий сайд болно гэдэг аймшигтай ажил. Гэтэл Борис хүү маань маш зөөлөн хүн шүү дээ” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: zen.yandex.ru