Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатарыг өнгөрсөн шөнө Улаанбаатарт албадан авчирч цагдан хорьсон талаар эх сурвалжаас мэдээлж байна. М.Ганбаатар нь Ерөө сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулиар хориглосон газарт 93 бичил уурхайтай олборлолт явуулах гэрээ байгуулсан байна. Сумын Засаг даргад дээд тал нь 10 бичил уурхайтай гэрээ байгуулан ажиллах эрх байдаг ч тэрээр энэ эрхээ 9 дахин хэтрүүлэн эдэлжээ.
Зөвхөн Ерөө сумын Бугант тосгоны Агуйт хэмээх газарт хувиараа алт олборлогчид дөрвөн сарын хугацаанд 60 га газрын мод, усыг үгүй хийж амжжээ. Үүнийг нутгийн удирдлагууд, хууль хяналтын байгууллагынхан мэдэж байсан нь тодорхой. Харин энэ сарын 16-17-ны өдрүүдэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуулиар хориглосон газарт олборлолт явуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүд, хувиараа алт олборлогчдын үйл ажиллагааг зогсоосон юм.
Агуйт хэмээх газарт л гэхэд алт олборлож байсан 47 иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Шалгалтын явцад Ерөө сумын Засаг дарга уг асуудалд холбогдсон учраас ийнхүү түүнийг саатуулан шалгаж эхэлжээ. Гэхдээ М.Ганбаатарыг АТГ-аас баривчлаагүй гэдгийг тус газраас мэдэгдсэн юм.
“Сэлэнгэ аймгийн удирдлагууд, бүр сонгогдсон УИХ-ын гишүүд нь хүртэл хууль бус алт олборлогчидтой эртнээс холбоотой” гэсэн мэдээлэл гарах болсон. Удаа дараалан шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болдог дүр зураг энэ удаад ч мөн давтагдахгүй гэх баталгаа байхгүй гэх шүүмжлэл цахим хуудаснаа ид өрнөж эхэллээ.