Монголын эзэнт гүрний бүрэн түүхийг багтаасан “Монголын эзэнт улсын түүх” цуврал таван боть өнөөдөр Шинжлэх ухааны академийн Их чуулганы танхимд нээлтээ хийлээ. Тус бүтээлийг Шинжлэх ухаан академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн бөгөөд түүх, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Талын язгууртан” сан төрийн бус байгууллага ивээн тэтгэжээ. Сурвалж бичиг, түүхэн археологиор нэмж баяжуулсан энэхүү бүтээл нь “Их Монгол улс”, “Монголын Юань улс”, “Монголын Алтан ордны улс”, “Монголын Цагадайн улс”, “Монголын Ил хант улс” гэсэн таван ботитой.
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Түүхийн хүрээлэнгээс 2006 онд Монголын эзэнт гүрний түүхийн таван ботийг анх удаа гаргаж байсан. Тэр цагаас хойш 13 жилийн турш үргэлжлүүлэн судалж , түүхийн нээлт болон шинээр олдсон түүхэн археологийн олдворыг энэхүү таван ботидоо нэмж, сурвалж бичгийг түлхүү оруулж, нэмж баяжуулснаараа онцлог юм. Ботийг бүтээлцсэн эрдэмтэд 15-40 жилийн түүхэн судалгаа хийсэн туршлагатай судлаачид бөгөөд Монголын эзэнт гүрнийг дэлхий даяар судалж байгаа энэ цаг үед Монголын түүхчдийн дуу хоолой, судалгааны түвшнийг тодорхойлохыг зорьжээ.
Таван ботийг академич Ж.Болдбаатар тэргүүтэй эрдэмтэд хамтран туурвисан бөгөөд Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрний түүхийн салбарын эрхлэгч Ц.Цэрэндорж, Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор А.Пунцаг, Улаанбаатар сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор профессор С.Цолмон, доктор, профессор Ц.Энхчимэг, Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал доктор А.Энхбат болон Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Ганбат, Монгол улсын их сургуулийн багш доктор, профессор Т.Мөнхцэцэг болон тус сургуулийн багш агсан доктор Д.Наран, Шинжлэх ухаан, Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганболд нар оролцож, оюунаа ширээжээ.
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Аливаа улсын түүхийг ноёд дарга нар бүтээдэггүй, судлаач эрдэмтэд бүтээдэг юм. Их дээд сургууль, хүрээлэн, академийн эрдэмтэд нийлж түүхээ бичиж байгаа нь олзуурхууштай явдал. Энэ бүтээлд Монголын эзэнт гүрний түүхийг археологийн асар их баялгаар баталгаажуулж оруулсан нь Монголын төдийгүй дэлхийн судлаач эрдэмтдэд маш их ач холбогдолтой бүтээл боллоо” гэв.
Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрний түүхийн салбарын эрхлэгч Ц.Цэрэндорж “Монголын эртний түүхийн тухай таван боть ном 2017 онд хүэрээн болон их сургуулийн судлаач, эрдэмтэд гаргаж байсан. Тэрхүү ботитой энэ таван ботийг андуурч болохгүй. Хоёулаа хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэд туурвисан боловч өөр өөр судлаачид оролцсон. Өнөөдрийн таван ботиос “Их Монгол улс”, “Монголын Ил хант улс” хоёр боть нь шинээр бичсэн бүтээл юм” гэж нэмж тайлбарлав.
Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор А.Пунцаг “Миний бие “Их Монгол улс” болон “Монголын Юань улс “ гэсэн хоёр бүтээлд оролцсон. Тулгар төрийг байгуулсан Их Монгол улсын оргил төрийг Юань улсын үе гэж Ж.Болбаатар, Ш.Бираа академич нар үздэг. Юань улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны ач Хубилай хаан дэлхийн эзэнт гүрэн болтол хөгжүүлж, захирсан гэж судлаачид үздэг. Энэхүү ботиудыг хүн бүхэнд ойлгомжтой хэл найруулгаар бичсэн. Сүүлийн үеийн судалгаагаар Юань гүрний үед хамаарагдах язгууртны хувцас, эд өлгийн зүйл, мөнгө зоос, ном судар, бурхны шашны дурсгалт бичгүүд маш их олдсон нь номыг баяжуулж, түүхэн судалгаанд маш их ахиц дэвшлийг авчирсан.” гэлээ.
“Их Монгол улс” бүтээлийг таван эрдэмтэнтэй хамтран туурвиж, “Алтан ордны улс” ботийг туурвисан Улаанбаатар сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор профессор С.Цолмон “Монголын эзэнт гүрэн 1266 оноос Юань гүрэн болж задарсан мэтээр бичигддэг. Гэтэл Монголын эзэнт гүрэн холбоотон улсын хэлбэрээр оршиж, нэгэн бүхэллэг, нэгэн төрийн удирдлага дор он цагийг элээсэн. 1375 онд Монголын эзэнт гүрэн гэж нэгэн бүхэллэг байдлаар зурсан зураг, олдож буй баримт захиа, зарлиг, захирамжийг харахад Монголын эзэнт гүрэн нэгэн тамга дор эрхшээж байсан. Дэлхий дахинд Монголын эзэнт гүрний түүхийг судалдаг боловч тухайн улс өөрийнхөө хааныг дөвийлгөн бичдэг талтай. Монголынхоо дахин давтагдашгүй хаант засаглалтын тухай Монголын эрдэмтэд л судалж, дуу нэгтэй хэлэхгүй бол өөр хэн ч хэлэхгүй.” гэж хэлэв.