ГЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Б.Сүхбаатарын хэлснээр 2018 оны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис улсын хилээр оруулахыг завдсан нийтдээ 15 удаагийн үйлдлийг гаалийн хяналт шалгалтын үр дүнд илрүүлжээ. Нийтдээ 15 нэр төрлийн 142 грамм, мөн зарим граммаар илэрхийлэх боломжгүй тунгаар илэрхийлэгддэг 54 ширхгийг илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Тэрээр цааш нь “2019 оны эхний есөн сарын байдлаар улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах төрлийн бодис оруулах гэсэн есөн үйлдлийг илрүүллээ. Үүнд 10 иргэн холбогдсоноос нэг нь гадаадын иргэн байв. Нийтдээ 4.5 кг мансууруулах бодис хурааж холбогдох хууль, байгууллагуудад шилжүүлсэн. Дэлхийн найман улсаас шуудан илгээмж ашиглан эсвэл гадаад улсад зорчсон зорчигч биедээ болон ачаа, тээшиндээ нууж хар тамхи, мансууруулах төрлийн бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ жилдээ багтаад гаалийн бүх боомт хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх тоног, төхөөрөмжөөр хангагдана.
Яг одоогийн байдлаар ГЕГ нь АНУ-ын ЭСЯ-тай хамтран хилийн бүх боомтуудаас чиглэл хариуцсан байцаагч нараа татан авчирч Замын-Үүд дэх гаалийн газарт хар тамхины чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг хийлгэж байна” гэв.