Улаанбаатарт бүртгэлтэй 60 мянга, бүртгэлгүй буюу гудамжны 300 гаруй мянган нохой байдаг ажээ. Нохой нь жилд 2-3 удаа үржилд орж, нэг удаагийн төрөлтөөр 8-10 гөлөг төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг нохой таван жилийн дотор 6000-7000 болтол үржих магадлалтай ажээ.
Нохойг хэт өсгөхгүй байх, гудамжны нохойг олшруулахгүй байх, нийслэлийн иргэдийг аюулгүй байлгах үүднээс жил бүр нохой устгал явуулдаг. Нохой устгалыг нийслэлийн хэмжээнд гурван компани гүйцэтгэдэг бөгөөд тодорхой хуваарийн дагуу дүүрэг, хороогоор явж нохойг устгадаг байна. Ингэхдээ өдөрт 250-400 нохойг устгаж байгаа аж.
Нохойд хазуулах нь галзуугаар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зоонозын өвчин судлалын үндэсний төв 2019 он гарсаар 947 дуудлага хүлээн авчээ. Эдгээрийн 108-ыг галзуугийн эрсдэлд өртсөн талаарх дуудлага эзэлж байгаа аж.