Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн жаалууд” нэртэй цэцэрлэгийн талаар НМХГ-ын шуурхай албаны утсанд иргэнээс гомдол иржээ. Тухайн гомдлын дагуу өчигдөр (2019.09.16) шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авсан байна.
Тус цэцэрлэг нь 2019 оны есдүгээр сарын 3-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлэлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Иймд уг зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үнэслэн торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна. Мөн сургалтын төлбөрийг буцаан олгуулжээ.