Баянзүрх дүүрэгт байрладаг “Уудам Монгол” ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд 14 нь эмнэлэгт, таван сурагч гэрээр эмчлүүлж байгаа юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр, “Уудам Монгол” сургуульд есдүгээр сарын 11-ны өдөр тахианы зутан шөл, үхрийн махан котлетыг 103 сурагч иджээ. Тус сургуулийн хоолыг “Фаунд таун” ресторанаас нийлүүлдэг аж.
Хордлого юунаас гарсныг тогтоохоор НМХГ-ын байцаагчид сургуулийн хичээлийн танхимаас арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр хүргүүлжээ. Шалгалтын явцад хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн, түгээсэн зөрчил илэрсэн байна.
БААСАН ГАРИГИЙН БАЙДЛААР 24 ХҮҮХЭД ХӨСҮТ-Д ХЭВТСЭН
Энэ талаар бид тус сургуулийн захирал Г.Наранбатаас тодрууллаа.
-Танай сургуулийн сурагч хоолны хордлогод орсон юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай сургууль энэ хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Бид Япон улсын сургалтын арга зүйг нэвтрүүлэх зорилгоор 08.00-17.00 цагийн хороонд хичээллэдэг. Энэ хугацаанд сурагчид зайлшгүй үдийн хоол идэх хэрэгцээ гардаг. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүддээ үдийн хоолыг нь албан ёсны зөвшөөрөөлтэй шаардлага хангасан чанартай хоолыг хүүхдүүдээ нийлүүлье гэсэн байдлаар хоолны газартай гэрээ байгуулах саналыг гаргааж энэ дагуу хоол нийлүүлж эхэлсэн. Есдүгээр сарын 11-ны хоолноос нийтдээ 20 орчим хүүхэд хордлогын шинж тэмдэг илрээд бид авах ёстой арга хэмжээг бүгдийг нь аваад яаралтай түргэн тусламж дуудаж эхний ээлжид ХӨСҮТ-д зургаан хүүхдийг шинжилгээнд хамруулсан.
Үүний дараа ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг манай сургууль дээр ажиллаж нийт 103 сурагч, 10 орчим багш ажилчдаас тандалт судалгаа аваад тэнд байсан арван хүүхдийг дахиад шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ хооронд хүүхдүүд шинжилгээний хариу гартал 72 цаг байх ёстой гэсэн.
-Хүүхдүүдийн биеийн байдал ямархуу байгаа вэ?
-Өнгөрөгч Баасан гаригийн байдлаар 24 хүүхэд ХӨСҮТ-д хэвтсэн. Бямба гаригт нэг хүүхэд эмнэлгээс гарсан. Өнөөдөр 14.00 цагт 72 цагийн хугацаа дуусч шинжилгээний хариу гарна. Тэр болтол хүүхдүүд эмчийн хяналтад байгаа. Эхний өдөр хүүхдүүдээс хүнд хэлбэрийн хордлого илрээгүй. Бөөлжих, суулгах, дотор муухайрсан зовиуртайгаар эмнэлэгт хандсан.
Одоогийн байдлаар хордлогын шинж тэмдэгтэй хүүхэд нэг ч байхгүй. Эмнэлгээс өнөөдөр гарах болов уу гэсэн таамгийг эмч нар эцэг эхэд нь мэдэгдсэн гэсэн. Үүнтэй холбоотойгоор манай сургуульд мэргэжлийн хяналтын газар, ХӨСҮТ, дүүргийн боловсролын газар ирээд сургалтын орчин нөхцөлийн талаар зөвлөмж өгч анги танхимаас арчдасын шинжилгээг авсан. Шинжилгээний хариу 10-14 хоногт гарах байх. Бүх шинжилгээ дуусмагц ХӨСҮТ-ээс зөвлөсний дараа сургуулийн байранд халдваргүйжүүлэлт хийнэ. Одоогоор хичээл, сургалт хэвийн үргэлжилж байна.
Эх сурвалж: News.mn