Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтах бөгөөд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
Дараа нь хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурах юм. Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
Манай хоёр улс 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.