Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, “Тэгт тойрог” кино компанийн хамтран бүтээсэн “Тэсийн голын монголчууд” кино олон улсын кино фестивальд шалгарчээ.
“Perspectives on pastoralism” буюу “Мал аж ахуйн чиг хандлага” олон улсын кино фестиваль нь дэлхийн улс орнуудын мал маллагаа, мал аж ахуй эрхлэх амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах зорилготой аж. Фестивалиас шалгарсан кинонуудыг зохион байгуулагчид Герман болон Бельги улсад зохион байгуулах Мал аж ахуйн олон улсын үйл ажиллагааны үеэр олон нийтэд танилцуулж, киноны талаарх мэдээллийг оролцогчдод хүргэх юм байна.
Тус фестивальд дэлхийн чадварлаг уран бүтээлчдийн баримтат болон түүхэн кинонууд өрсөлдсөнөөс “Тэсийн Голын монголчууд” киноны зураг авалтыг шүүгчид өндрөөр үнэлсэн байна. Киноны ерөнхий продюссероор Н.Ганхуяг, Ц.Энх-Амгалан нар ажилласан бөгөөд 2019 оны нэгдүгээр сард нээлтээ хийх үеэр Ерөнхий найруулагчаар ажилласан П.Батболд “Тэсийн гол нь Булнайн нуруунаас эх авч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Завхан аймгийн Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Тэс сумдаар дамжин өнгөрдөг. Орос, Монгол хоёр улсын газар нутгийг дамжин урссаар Увс нуурт цутгагадаг. Тэсийн голын сав нутгаар хотгойд, халх, баяд ястан аж төрөн сууж, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч байгааг харуулахыг хүссэн. Нэг голын уснаас ундаалж байгаа нутгийн уугуул малчдын амьдралын хэв маяг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншил, бэлчээрээ нүүдэл сэлгээтэй даац багтаамжид тохируулан бурхнаас заяасан нутагтаа хэрхэн аж төрөн суугааг харуулсан. Ингэхдээ Тэсийн голын эхэн, дунд, адаг хэсэгт амьдран сууж байгаа гурван айлаар жишин харуулсан” хэмээн онцолж байсан юм.