Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Эм, химийн бодис хэрэглэн амиа егүүтгэх оролдлого хийсэн тохиолдлын судалгаа-2017-2018”-г 2019 онд хийж, уг судалгаанд 2017-2018 онуудад Монгол улсын хэмжээнд эм, химийн бодис хэрэглэн амиа егүүтгэх оролдлого хийсэн 17-84 насны нийт 386 хүнийг хамруулжээ. Судалгааны мэдээллээс харахад 40.4 хувь нь эрэгтэй, 59.6 хувь нь эмэгтэй байсан бөгөөд насны бүлгээр авч үзэхэд 30.8 хувь нь 25-34 насны, 29.5 хувь нь 17-24 насны, 17.6 хувь нь 35-44 насны, 14 хувийг 45-54 насныхан тус тус эзэлсэн байна.
Нийт судалгаанд оролцогчдыг боловсролын түвшингээр ангилан авч үзвэл бүх тохиолдлын хамгийн их хувь буюу 52.8 хувийг боловсролын түвшин “дунд” үзүүлэлттэй хүмүүс эзэлж байгаа бол, 29.3 хувь нь “дээд”, 15.3 хувь нь боловсролын түвшин тодорхойгүй байв.
Амиа егүүтгэх сэдлээр эм, химийн бодис хэрэглэсэн хордлогын төрлийг тодорхойлоход санаатайгаар эмийн бодис хэрэглэсэн тохиолдол хамгийн их байсан ба мөн химийн бодисын хордлогын тохиолдол тодорхой хувьтай байв.
Манай улсад Улаанбаатар хотын хүн амын дунд “Амиа егүүтгэхийг завдсан, амиа егүүтгэсэн тохиолдлын тархвар зүйг судалсан нь” (2003), Монголын амиа хорлогсдын талаарх судалгаа (2006), (З.Хишигсүрэн, Д.Оюунсүрэн, Г.Цэцэгдарь, С.Бямбасүрэн нар), “2003-2008 онуудад Монгол улсын хэмжээнд амиа егүүтгэсэн, амиа егүүтгэх оролдлого“ зэрэг судалгааны ажил хийгдсэн байна.