Мансууруулах бодист донтох гэдэг нь тухайн хүн хар тамхийг дахин давтан ямар ч анагаахын шалтгаагүйгээр хэрэглэх, мөн энэ хэрэглээ нь түүний эрүүл мэндэд сөрөг байдлаар нөлөөлөхийг хэлнэ. Хар тамхийг дахин давтан хэрэглэх нь согтууруулах ундааны нэгэн адилаар донтуулж хамаарал үүсгэдэг бөгөөд энэхүү донтолт нь тухайн хүнд хор хохирол учруулж байсан ч хар тамхийг үргэлжүүлэн хэрэглэх хүчтэй хүслийг бий болгодог байна.
Хар тамхинд донтсон хүн энэ хэрэглээгээ зогсоохыг оролдох үедээ өөрийгөө өвчтэй гэдгээ мэдэрдэг. Энэхүү өвчин нь согтууруулах ундааны нэгэн адил хүнд шартсан мэт сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд үүнийг сэтгэцийн эрүүл мэндийн салбарынхан хар тамхинд шартах хам шинж гэж үздэг байна.
Мансууруулах бодис хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал: Мансууруулах бодис тархинд нөлөөлснөөс хэрэглэсэн хүн цочромтгой гутранги байдалтай болдог байна. Зарим бодисууд хүнийг сэрдэмтгий, ухаан санаа нь самуурамтгай болдог.
Биеийн эрүүл мэндийн асуудал: Хар тамхийг ямар замаар хэрэглэж мансуурснаас үүдэн гарна. Хар тамхийг татаж хэрэглэх нь амьсгалын замд болон уушгинд хор хөнөөл учруулдаг. Тарьж хэрэглэх нь халдвар тараах нөхцлийг бии болгодог аж.
Геройн мэтийн хар тамхийг залуучууд биедээ тарих замаар хэрэглэдэг. Тарьдаг хар тамхийг хэрэглэдэг хүмүүс зүү, тариураа хуваалцдаг, мөн хар тамхи хэрэглэгчид нь замбараагүй бэлгийн харьцаанд ордог зэргээс болж ДОХ зэрэг халдварт өвчний нян тээгч болж хохирдог.
Гэр бүлийн асуудал: Мансууруулах бодист донтох нь гол төлөв гэр бүлийн дотор хэрүүл маргаан., бусад хүндрэлтэй асуудлыг бий болгодог.
Нийгмийн асуудал: Хар тамхи хэрэглэдэг хүмүүс түүнийг олж авахад их хэмжээний цаг зарцуулдаг. Тиймээс ч тэд ихэнхдээ сурч, ажиллах эсвэл өдөр тутмын идэвхитэй амьдралд оролцож чаддахаа больсон байдаг.
Санхүүгийн асуудал: Хар тамхинд мөнгө их зарцуулагддаг. Хар тамхийг хэлэгдэг хүмүүс нь ерөнхийдөө орлогын эх үүсвэр маш багатай байдаг. Тиймээс хар тамхины мансуурал нь эзэндээ ядуурал үүсгэдэг.
Хууль эрх зүйн асуудал: Хар тамхиар мансуурдаг зарим хүмүүс түүнийгээ олж авахын тулд гэмт хэрэгт оролцдог. Ихэнх тохиолдолд хар тамхины мансууралт нь гэмт хэрэг хийх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд наад зах нь гэр орноосоо хулгай хийж, хэрэглээгээ хангах шуналыг бий болгодог.
Үхэл: Хар тамхины мансуурал нь хэт өндөр тунгаас, ноцтой халдвараас болсон өвчин эмгэг, осолын улмаас эзнээ үхэл рүү түлхэх нь элбэг байдаг.
Эх сурвалж: СЭМТ гарын авлага