Улаанбаатар хотоос дөрвүүлээ загасчлахаар яваад нэг нь амиа алдсан харамсалтай явдал болжээ. Тодруулбал, тэд Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Гичгэнэ хөх-оруулга” гэдэг газар өнгөрсөн наймдугаар сарын 22-ны өдөр очжээ. Гэтэл тухайн өдрийн 19:00 цагт тэдний нэг болох нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны харьяат 46 настай Э /эрэгтэй/ сураггүй алга болсон байна. Тиймээс тэдний мэдээллээр тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн нь энэ сарын 7-ны өдрийн 09:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн аж.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 4 хүн, 1 нохойтой мөн өдрийн 10:40 цагт Тариат сумын чиглэлд явж 14:40 цагт очоод эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 15:10 цагт “Хөх-Оруулга” гэдэг хадан хавцалаас сураггүй болсон Э-н цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.