Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж, зарим асуудал УИХ-ын гишүүдийн олонхийн саналыг авч чадалгүй унаад буй. Мэдээж олонхийн саналаар дэмжлэг хүлээж буй заалтууд ч байгаа. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн цөөн асуултад хариулт өглөө.
-АН-ын зөвлөлөөс, тэр дундаа З.Нарантуяа гишүүн Үндсэн хуулиар өрийн таазыг тогтоох өгөх нь зүйтэй гэсэн саналыг оруулсан боловч энэ санал унасан. Энэ саналыг МАН-ын бүлгийн зарим гишүүд ч дэмжиж байсан юм билээ. Энэ санал дахиж орж ирэх боломжтой юу. Ер нь дэмжсэн бол, эсвэл дэмжээгүй нь ямар учир холбогдолтой байх байсан бэ?
-Нэгэнт уначихсан санал босч ирнэ гэсэн ойлголт байхгүй. Үндсэн хуулийн журмын хуулиар явж байгаа, их хатуу хууль байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлэгт ороод унасан л бол дахиж босч ирэхгүй. Өрийн дээд хэмжээг 60 хувь болгоё гэж санал оруулж ирсэн. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо ч дэмжээгүй, ажлын хэсэг ч дэмжээгүй, чуулган ч дэмжсэнгүй. Гол шалтгаан нь өрийн таазтай холбоотой асуудлуудыг заавал Үндсэн хуулиар тусгах шаардлага байхгүй. Өрийн удирдлагын хуулиараа, төсвийн хуулиараа зохицуулаад явах боломжтой асуудал гэж үзэж байгаа юм.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавина гэсэн ойлголт байх уу. Тийм эрх зүйн орчин байгаа юу?
-Эрх зүйн хувьд Ерөнхийлөгч хориг тавьж болно. Цэц маргаан үүсгэх эрх нээлттэй. Ерөнхийлөгч хориг тавихгүй, Цэц маргаан үүсгэхгүй ганц тохиолдол бий. Тэр бол ард нийтийн санал асуулга. Тийм учраас бид ард нийтээс санал асуух нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа.
-Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа УИХ тарж магадгүй гэсэн мэдээлэл иргэдийн дунд явж байна. Энэ талаар тайлбар өгөх үү?
-Их хурал тарна гэдэг яриа яваад л байгаа юм. Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулиа батлаад гаргах ёстой гэдэг байр суурийг индэр дээрээс илэрхийлсэн. Бид нарын хувьд бол Их хурал дээр УИХ тарна гэсэн албан ёсны байр суурь огт яригдаагүй байгаа шд. Хэвлэл, цахимаар л яриад байгаа болохоос. Тарна гэдэг асуудлыг чинь Их хурал өөрөө л шийднэ. Хэн нэгэн тар гээд тарчихдаг асуудал биш. Үндсэн хуульд зааснаар гишүүдийн 2/3 нь буюу 51 гишүүн тарах санал гаргавал тарна. Бусад тохиолдолд яагаад ч тарахгүй.
-Хойш тавьсан заалтуудаа хэлэлцээд эхэлчихлээ. Гэхдээ дахиад ярилцах шаардлагатай асуудал байгаа юу?
-Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг ярилцах шаардлагатай байна. Дахиж бид бүлгээр ярилцах асуудал бий.
-МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө давхар дээлний асуудлыг цэгцлэх тухай тусгасан. Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байж болно гэдэг зүйл заалтыг яагаад дэмжихгүй хойшлуулаад байгаа юм бол?
-Хойшлуулаагүй, одоо л хэлэлцэгдэж байгаа юм. МАН-ын 62 гишүүнээс орж ирсэн санал дээр бол Их хурлын 4 гишүүн Ерөнхий сайд байх, үүнээс гадна Засгийн газрын 4 гишүүн Их хурлын гишүүн байж болно гэж төсөлд тусгагдсан. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан санал дээр Ерөнхий сайдаас бусад нь буюу Засгийн газрын гишүүд Их хурлын гишүүн байж болохгүй гэсэн байгаа. Энэ хоёр хувилбарыг хэлэлцээд олонхооро шийдээд явна. Олонхоороо шийдээд явахгүй бол цаг хугацааны хувьд ч арга алга.
-Зөвшилцсөн асуудлууд МАН-ын бүлгийн шийдвэр гэдэг нэрэн дор УИХ дээр олонхоор дэмжлэг авч чадалгүй бүгд уналаа гэж АН-ын зөвлөлийн зүгээс үзэж байгаа юм билээ. Үүнд ямар тайлбар өгөх үү?
-Зөвшилцсөн асуудал бүгд унаагүй. УИХ 99 гишүүнтэй болох, гишүүний хугацааг 5 жил болгох, холимог тогтолцоо гэсэн гурван асуудал л унасан. Хүн бүрийн анхаарал татаж байсан, улс төрчдийн сонирхоод байсан гурван асуудал уначихаар бүгд гээд байгаа болохоос цаана нь улс төрийн намын асуудал байж л байна. Байгалийн баялагийн асуудал, Засгийн газартай холбоотой, эрх мэдэл өгөхтэй холбоотой асуудал, орон нутгийн асуудал, шүүхтэй холбоотой асуудал гээд бүгд л явж байгаа.