УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг дэмжсэн ч “давхар дээл”-ийг тайлах саналд МАН-ын бүлгийн гишүүдийн санал хоёр хуваагдлаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд
-Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн заалт орсон байгаа.
Санал хураалт явуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт хоёр “Энэ хоёрын аль аль нь чухал асуудал учраас агуулгыг тус тусад нь салгаж, санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Гишүүдийн 80.3 хувийн дэмжлэгийг авсан тэдний саналаар асуудлыг салган санал хураалт явуулахад
-Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалт олонхийн дэмжлэгийг авсангүй.
Үүнийг зарим гишүүд техник сааталтай холбон тайлбарласан бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг хойшлуулж, МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналыг гаргалаа.
Мөн “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн санал гаргасан ажлын хэсгийн саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалтад хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь дэмжиж дээрх саналыг 95.2 хувиар дэмжлээ. Энэ үеэр Ардчилсан намын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж хуралдааныг орхин гарчээ.