Судалгаанаас үзэхэд улс орнууд өөртөө хамгийн их байгаа баялгаар сан байгуулж байна. Норвеги, ОХУ, Арабын орнууд нефть, хий болон уул уурхайн экспортын татвараасаа, Өмнөд Солонгос санхүүгийн илүүдэл хөрөнгөөсөө, Франц, Ирланд, Шинэ Зеланд тэтгэврийн сангаасаа, Хятад, Сингапур Төв банкны нөөцөөсөө, Австрали, Малайз өмч хувьчлалын орлогоосоо сан байгуулж байна.
Ингэхээр манайх зэс, нүүрс, уран, газрын ховор элемент болон бусад баялгаараа сан байгуулах өргөн боломжтой бөгөөд зайлшгүй шаардлагатай. Үүнийг эсэргүүцэх хүн гарахгүй гэж бодож байна. Гэхдээ “идчихээд”, эсвэл “тараачихаад” сангаа сүйрүүлээд байдаг эрх баригчидтай үндэстэн юу хийх ёстой вэ?! Энд сан бүрдүүлэх болон зарцуулах зарчим ярих ёстой.
Миний төсөөлж байгаагаар: санг үл хөндөх; 15 жилээс цааш алсыг харах; улс төрөөс үл хамаарах; ил тод байх; хянах боломжтой байх; ирээдүй хойч үе, үр хүүхэддээ зориулах; “бүсээ чангалах”; байгалийн баялагт оруулах гадаад хөрөнгө оруулалтын нөхцлийг чангатгах зэрэг зарчмуудыг хатуу баримталж, “иддэг”, “тараадаг” үйлдлийг тас хорих ёстой.
Санг түгээмэл жишгээр ирээдүйн хуримтлалын болон тогтворжуулах гэсэн хоёр хэсэгт хуваан эдгээрийг хооронд нь холихгүй байх нь зүйтэй. Тогтворжуулах гэсэн чинь мөнгө дутаад ирээдүйн хуримтлалын сангаасаа жаахан мөнгө авчихъя г.м. тэнэглэлийг таслан зогсоовол зохино. Эдгээрийг зарчмуудыг хуулинд суулгаж болно. Гэвч ямар ч сайхан хууль гарсан манай аваргууд санг иднэ, тараана, сөнөөнө гэдэгт эргэлзэх хэрэггүй…
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, сайд Д.Сумъяабазар нарын яриад тунхаглаад, зүтгүүлээд байгаа “баялгийн сан” шинээр байгуулна гэх санал нэг талаасаа зөв зүйтэй, ирээдүйтэй бөгөөд дэмжүүштэй, нөгөө талаасаа дутуу бөгөөд эргэлзээтэй. Ахиад идчихвэл яана?!
Тиймээс энэ гурвын болон бусад олон хүний дэмжиж байгаа “баялгийн сан”-тай болох саналыг Үндсэн Хуулиндаа суулгаж өгвөл сая бүрэн гүйцэд бөгөөд баталгаатай болно.
Сангийн хөрөнгийг гадаадын томоохон компаниудын хувьцааг авч, ногдол ашиг хүртэх замаар байнга эргэлдүүлж, “сэгсэрч” байж арвижуулдаг. Энэ зарчмаар л явах ёстой. Түүнээс биш хэн нэгэн улс төрчийн “залилангийн” төслийг санхүүжүүлдэг “шидэт бүтээлэг” байж болохгүй…
Бидэнд “өрөнд ордог” биш, үндэстнээ хөгжүүлдэг сан хэрэгтэй. Монголчууд “Үндэстний баялагийн сан”-гаа Үндсэн Хуулиндаа суулгаж байж л үндэсний баялгаа улс төрийн дээрэмчдээс хамгаалж чадна.
Эх сурвалж: olloo.mn
2 comments
Маш зөв санал бхйна даа.Дэмжиж байна
Erunhii said mundag bnaa