1996 оноос хойш зохион байгуулагдаж буй “Тал Нутгийн Монгол” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 8-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээ нь Монгол улсыг олон улсад сурталчлах, спорт, соёл урлаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Энэ жилийн тэмцээний онцгой эрхт ивээн тэтгэгчээр Мэдээллийн технологи, харилцаа холбооны тэргүүлэгч Мобиком Корпораци ХХК ажиллаж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд ч мөн ивээн тэтгэсээр ирсэн билээ.
Оролцогчдын гүйх зай нь 3, 5, 10, 21 км бөгөөд зай тус бүрд эхний гурван байранд орсон тамирчдыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм. Харин 23 км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хурдан удмын даагаар шагнадаг уламжлалтай аж.
Тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар зохион байгуулагдах ба хэрвээ та оролцох хүсэлтэй байгаа бол Спортын төв ордны 308 тоотод очоод бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 2019 оны есдүгээр сарын 7-ныг дуустал хийгдэх бөгөөд бүртгэлийн хураамж 10’000₮ байна.