Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү ”ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийх айлчлалын үеэр автозамыг хаах мэдээлэл өчигдрөөс гарсан. Гэвч сошиал орчинд энэ талаар ташаа мэдээлэл тарааж, иргэдийг бухимдуулан, төөрөгдүүлж байна.
Санаатай болон санамсаргүй байдлаар тарааж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс өндөр дээд хэмжээний айлчлалын зочдын аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас тодорхой хэмжээнд зочны аюулгүй байдал, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтыг төлөвлөгөө, удирдамжийн дагуу явуулна.
Үүнтэй холбоотойгоор иргэдэд хүндрэл учруулж, чирэгдэл үүсгэлгүй, замыг удаан хугацаагаар хаалгүй аль болох замын хөдөлгөөнийг хурдан хугацаанд хэвийн байдалд оруулах зохицуулалтыг хийнэ. Тухай бүрт 96.3 радиогоор шууд дамжуулж мэдээллийг хүргэнэ.
Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн фейсбүүк, цахим сайт, Тээврийн цагдаагийн албаны фейсбүүд хаяг гэх мэт мэдээллийн сувгуудаар богино хугацаанд иргэдэд шуурхай байдлаар хүргэнэ.
Яг одоо замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд зочин яг хэзээ ирэх талаар холбогдох байгууллагаас мэдээлэл өгнө. Хоёр өдөр автозамыг бүхэлд нь хаана гэсэн нь ташаа гэдгийг дахин хэлье” гэлээ.