Уламжлалт анагаах ухаан ба уушиг
Таван цул эрхтний нэг болох уушиг нь төмөр махбодьтой бөгөөд модны жимс боловсрох намрын гурван сарын эхний 72 хоногт судал гүйдэг. Уушигны ялгадас олгойд хурах бөгөөд уушигны ил эрхтэн нь хамар юм. Хамар хатах, цус гоожих, үнэр мэдрэх нь муудах, хамар битүүрэх нь уушигны өөрчлөлтийн шинж байж болно.
Уушигны бүтэц
Уушигний тухай эртний сударт
Анагаах ухааны дөрвөн үндэс номонд уушигны өвчнийг оншлох талаар дагшиж ханиах бол хийнээс болох бөгөөд өглөө үдэш сэвсгэр хөөстэйгээр олон удаа ханиах. Цайвар хаван бол ханиах нь олон бөгөөд нүдний зовхи, хөлний өлмий сэлхэрнэ. Уушигны халуун бол уушгийг нь халуун бүрхэх, халуунаар хатгуулах гэж 2 зүйл байдаг. Халуун бүрхэх нь судас, шээс халуунтай тээж тэлэх, цэр нь давслаг амтагдах, хөөс багатай, шар цэр гарах, намрын цагт хүч их гаргах бүлээн шимт зүйл маш их хорлоно. Халуун хатгалга нь хэвтвэл амаргүй болох, амьсгаа давхцах, улбар шар цэртэй ханиалгах, байг байг хатгуулна. Ус алдах нь алжааж ядраад ус уувал уушгинд ус алдагдахаас цээж тэлж толгой өвдөх, нүдний цагаан шарлах ба дур амаргүй болох, ханиах нь олон, амьсгаа давхцах, мах хатангирдах, хөлсгүй болох, ярихад үг нь тасалдах, сүүлдээ цэр нь махны нитгэл шиг болж уушигнаас цувирна. Огширч ханиах нь хөл салслаг цэрээр олон удаа ханиах, амьсгал дээш эрхээгдэх, цээж хүндэрч дүүрэх, цэрээ гаргасны хойно баахан амар болно. Уушгины архаг нь бие хатангирах, хүч өчүүхэн, хөдөлж үл чадах, муурын хоолой мэт хэржигнэн дуугарч идээн эмийн тусламж бага байдаг. Уушги дэлгэрэх нь нүд улайх, хэл, уруул, өндгөн хацар борлох, хоолой сөөх, цээж тэлэгдэх, амьсгал дээрдэж улаан цэр гарна. Зөгийн үүр шиг өгөрлөх нь ялзарсан өмхий, өгөр мэт цэр гарна. Эсвэл ханиахад хөөх хөөсөнд нь загасны нүд мэт өгөр нийлэлдэж гардаг. Ердөө уушги бол бадганы орон мөн тул зуны цагт амгалан, өвлийн цагт өвдөх, өдөр амар, шөнө зовох юм.
Уушигны өвчин ба амьтад
Үнэг: Уушигны халуун, уушганд хий алдсан, ус алдсан, хэтэрхий ихээр ханиалгах зэрэг өвчинд үнэгний уушиг сайн. Уушгийг нь салхи үзэх сүүдэр газарт хатааж хэрэглэнэ. Нунтаглаж балга архиар даруулж ууна.
Тарвага: Тарваганы өөхийг наранд тавьж шил, шаазан саванд тосыг нь аваад өдөрт 3 удаа амны халбагаар уухад сайн. Уушгийг нь түүхий хатааж нунтаглан архиар даруулж хэрэглэнэ.
Чоно: Чонын сэмжийг шаазан саванд хайлуулаад гарсан тосыг нь өдөрт тус бүр 5 граммыг буцалсан усаар даруулж 3 удаа уудаг. Энэ нь уушигны сүрьеэ өвчнийг засахад тустай. Чонын махаар бууз хуушуур хийж эсвэл чанаж идвэл сайн.
Нохой: Нохойн эрүүл уушиг уушгинд сайн. Мөн махыг нь чанаж эсвэл бууз хуушуур хийж иддэг. Ингэхдээ зэс саванд буцалгавал сайн гэдэг.
Гахай: Гахайн бөөрний өөхийг хайлуулж тос болгоод аяга сүүнд амны жижиг халбагаар хийн өдөр болгон уухад уушигны архаг өвчинд тустай.
Гөрөөс: Гөрөөсний уушиг уушигны өвчин, сүрьеэд тустай.
Ямаа: Хөх ухнын уушгыг чанаж хэрэглэвэл хэт ханиалганд тустай. Мөн хөх хуцны уушгыг усанд чанаж идвэл уушигны өвчинд тустай гэдэг.
Шаазгай: Шаазгайн мах идвэл уушгинд сайн гэдэг.
Буга: Бугын цусыг архиар даруулан уувал уушигны өвчнөөс болж бөөлжихийг засдаг.
Тэмээ: Ингэний сүү уушигны сүрьеэнд сайн.
Адуу: Гүүний айраг уушигны өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн зохимжтой ундаа юм. Цагаан гүүний сүүг бүлээнээр нь уух уушгинд сайн. Адууны уушиг уушиг нэвчсэнийг эдгээнэ.
Үхэр: Үхрийн уушиг нь уушиг чийрэгжүүлж, ханиад анагаадаг. Улаан үнээний сүүг бүлээнээр нь уувал уушгинд сайн байдаг.
Уушигны өвчин ба ургамал
Вансэмбэрүү: Вансэмбэрүү цэцэг уушигны өвчинд нэн сайн.
Чихэр өвс: Чихэр өвс усанд буцалгаж 14 хоногоор өдөрт 3 удаа уухад уушгинд сайн гэдэг.
Чацаргана: Цагаан гүүний түүхий сүүнд чацаргана жимс хийж исгэн 14 хоногоор уухад уушигны архаг өвчинд сайн.
Зээргэнэ: Уушигны өвчнөөс болж их ханиалгахад зээргэнэ чанаж уухад сайн.
Цагаан даль: Цагаан даль уувал уушгинд сайн эм гэгддэг.
Уушигны био хэмнэл
Уушиг нь намрын 3 сард идэвхждэг төмөр махбодьтой эрхтэн. Сарын хэмнэлээр нь авч үзвэл сарын дунд үед идэвхждэг. Хоног цагийн хэмнэлээр нь авч үзвэл бар цаг буюу 3-5 цагт идэвхждэг тул энэ мөчлөгүүдийн үеэр уушгиа гамнаж байвал зохино. Энэ үед хийсэн эмчилгээ, усан эм илүү сайн үйлчлэх магадлал өндөртэй.