Америкийн хүүхдийн эмч нарын академ(PAS)-ийн мэдээлснээр нялх хүүхдүүдийн гуравны нэг нь хэл хөлд орохоосоо өмнө смартфон, айпадтай нөхөрлөж байна. Нэг настай 7 хүүхдийн нэг нь эдгээрийг өдөрт дор хаяж нэг цаг хэрэглэж байна гэсэн судалгааны дүнг танилцуулжээ.
Хүүхдүүд ямар хэрэгсэл ашиглаж байгаа, ямар үелзэлтэй долгион дээр ажиллуулдаг, хэр давтамжтай ашигладаг, анх хэдийд ашиглаж эхэлсэн зэрэг үзүүлэлтээр судлахад медиа төхөөрөмжтэй харьцаж буй нэгээс доош насны хүүхдүүдийн тоо гайхашрал төрүүлэм их байжээ.
Тэдний 52 хувь нь зурагт үзэж, дэлгэцэнд хүрч, удирдлагаар нь оролддог байна. Хоёр настнуудын ихэнх нь мобайл төхөөрөмжтэй харьцаж байна.
Эцэг эхчүүдийн 73 хувь нь гэрийн ажлаа амжуулахын тулд, 65 хувь нь хүүхдээ аргадах гэж, 29 хувь нь унтуулах гэж мобайл төхөөрөмж хэрэглэх боломж өгдөг байна. Хүүхдийн нас өсөх тусам мобайл төхөөрөмж хэрэглэх цаг нь нэмэгдсэн дүн гарчээ.