“ОХУ, Монгол Улс найрамдал, иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулснаар хоёр талын харилцаа шинэ түвшинд гарна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгэн ярилцлагадаа тэмдэглэснийг Кремлиний цахим хуудас даваа гарагт нийтэлжээ.
В.Путин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийх айлчлалыг угтан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар хэлэлцэнэ гэж хэлсэн байна.
“Айлчлалын төгсгөлд бид хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргах найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулна” гэж ОХУ-ын төрийн тэргүүн хэлээд, уг баримт бичиг нь 1993 онд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд үндэслэсэн гэдгийг онцолжээ.
Мөн В.Путин хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацааны турш хөгжүүлсээр ирснийг онцлон тэмдэглээд, энэ онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн ой, Монголын онгон зэрлэг газар нутгийг Зөвлөлтийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж эхэлсний 60 жилийн ой тохиож буйг иш татсан байна.
“Өнөөдөр Орос, Монгол улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спортын салбарыг хамарсан иж бүрэн, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж байна” гэж ОХУ-ын төрийн тэргүүн хэлжээ.
В.Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-ны орой хүрэлцэн ирж, 1939 онд Халхын голд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнүүдэд оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар есдүгээр сарын 3-нд шинэ гэрээнд гарын үсэг зурах ажээ.