ОХУ-Монгол улсын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд өнгөрөгч мягмар гарагт (2019.08.27) боллоо.
Энэ жилийн сургуулилтыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийж байгаагаараа онцлог бөгөөд таван жилийн өмнө Халхын голын Ялалтын 75 жилийн ойгоор Чойбалсан хотод зохион байгуулагдаж байсан юм. Хээрийн сургуулилтыг Чойбалсан хотын иргэд болон гадаад дотоодын зочид төлөөлөгчид ирж үзлээ. Анх 2008 онд “Дархан” нэртэй эхэлж байсан Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль, 2011 оноос хоёр улсын нутаг дэвсгэрийг дамжин урсдаг “Сэлэнгэ” мөрний нэрээр нэрлэгдэх болсноор 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Ө.Эрдэнэ-Очир, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, ахмад дайчин Я.Өсөх, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нусулев Михайл Яковлевич, болон холбогдох албаны удирдлагууд оролцлоо.
Энэхүү сургууль нь Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрт ээлжлэн явагддаг ба энэ жил манай улсад болж байна. Хоёр орны цэрэг техникийн хамтын ажилагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид туршлага солилцох, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хоёр улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн ач холбогдолтой арга хэмжээ юм. Хамтарсан сургуулиар Монгол-Оросын зэвсэг нэгт цэрэг дайчид цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвараа дээшлүүлж, харилцан туршлага солилцдог уламжлалтай билээ. “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль энэ жил Халх голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгэн томоохон хэсэг болж, дайн өрнөж байсан Дорнод аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан юм. “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь “Улсын хил орчмын бүсэд хөрш орны Зэвсэгт хүчний салбаруудтай хамтран хот, суурин газрыг хамгаалж, хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэл явуулах” сэдвийн дор гурван үе шаттай өрнөсөн юм. Мөн ОХУ-Монголын цэргийн хамтарсан хээрийн сургуулилтад оролцсон зэвсэг техникийн парад болсон бөгөөд хоёр талаас 1500 гаруй цэргийн алба хаагч болон 400 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцсон юм.