Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг билээ.
2019-2020 оны хичээлийн жилд Кристина Нобелийн Хүүхдийн сангаас 60 хүүхдэд 91 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ.
Тэтгэлэгийн батламжийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, Кристина Нобелийн Хүүхдийн сангийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Томас Минтер нар оюутнуудад гардуулан өгсөн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “2018 онд 30 өрхийн 156 иргэн, 2019 онд 60 өрхийн 346 иргэнийг уг төсөлд хамрууллаа. Сонгон авсан 60 өрхийн амьдралыг бодит байдлаар дээшлүүлнэ гэсэн зорилт тавин амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд сургалтын тэтгэлэгийг 100 хувь өгч байсан бол энэ жилээс гэр бүлийнх нь амжиргааны түвшингээс хамаарч 30-100 хувь хүртэл хувааж олгож байна.
Үлдсэн төлбөрөө хүүхдүүд зуны амралтаараа ажил хийж хуримтлал үүсгэх маягаар цуглуулж байгаа. Бидний зүгээс ажил хийх боломжийг нь бүрдүүлж өгч байгаа” хэмээв.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул “Энэ жил 2,430 өрхийг хөгжлийн булан дэмжих үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байгаа. Бид Кристина Нобелийн Хүүхдийн сан болон бусад байгууллагуудтай хамтран ажилладаг. Зайлшгүй дэмжих шаардлагатай гэж үзсэн 2,430 өрхийн дундаас 60 өрхийн хүүхдүүдийн сургалтын тэтгэлэгийг гардууллаа. Эдгээрээс гурван хүүхдэд 30 хувь, 35 хүүхдэд 50 хувь, хоёр хүүхдэд 60 хувь, гурван хүүхдэд 70 хувь, нэг хүүхдэд 80 хувь, 16 хүүхдэд 100 хувийн тэтгэлэг олгож байгаа” гэв.
Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг.
Жил бүр бид хөтөлбөрт хамрагдаж буй 1,200 гаруй хүүхдэд цаашид өсөн дэвжих, ахисан түвшинд суралцах боломжийг олгох зорилгоор Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд 18 жил болж байгаа аж. Түүнчлэн энэ хугацаанд 400 орчим хүүхдэд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс