Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр/2019.08.29/боллоо. Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монгол банкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өглөө.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ӨСӨХӨД ВАЛЮТЫН ХАРИЛЦАХ НЭМЭГДСЭН НЬ ГОЛЛОН НӨЛӨӨЛСӨН

Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Б.БатдавааМөнгөний нийлүүлэлт буюу М2 мөнгөний жилийн өсөлт 2019 оны долдугаар сарын байдлаар 17,9 хувьд хүрч, 20,3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас 0,3 буюу 60,4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөнгөний нийлүүлэлт өсөхөд нөлөөлсөн зүйл бол валютын харилцах нэмэгдсэн явдал. Өөрөөр хэлбэл экспортлогч аж, ахуй нэгжүүдийн валютын орлого нэмэгдсэнтэй холбоотой.

Харин төгрөгийн харилцах өнгөрсөн долоон сард 311,9 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь томоохон аж, ахуй нэгжүүдийн татварын төлөлттэй холбоотой.

Мөнгөний нийлүүлэлтийн эх үүсвэрийн хувьд:

  • төгрөгийн хадгаламж 53,7 хувь
  • төгрөгийн харилцах 15,5 хувь
  • гадаад валютын хадгаламж 14,4 хувь
  • гадаад валютын харилцах 13,2 хувийг эзэлж байна.

Нийт хадгаламжийн хэмжээ 13,8 их наяд төгрөгт хүрсний 84,1 хувийг иргэдийн хадгаламж, 15,9 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Хадгаламжийг валютын төрлөөр авч үзвэл 20,7 хувийг иргэдийн хадгаламж, 21,7 хувийг байгууллагын хадгаламж эзэлж байна.

БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ ӨСЧЭЭ

Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсч, 18,1 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 9,3 их наяд төгрөгт буюу жилийн өсөлтөөр 22 хувьтай тэнцэж байна. Харин байгууллагуудын зээлийн үлдэгдэл 8,7 их наяд төгрөг буюу жилийн өсөлтөөр 12 хувьтай тэнцүү байгаа юм. Нийт зээлийн 13 хувийг гадаад валютын зээл эзэлж байна. Үүн дотроо иргэдийн зээл 1,6, хувийн байгууллага 26 хувийг бүрдүүлж байна.

Нийт зээл:

  • 23 хувийг цалин тэтгэвэр
  • 16 хувийг худалдааны зээл
  • 11 хувийг үл хөдлөх салбар
  • 9 хувийг барилгын салбар эзэлж байна.

Чанаргүй зээлийн хэмжээ 10,6 хувьтай тэнцэж байгаа бол хугацаа хэтэрсэн зээл 4,8 хувьтай тэнцүү байна. Хугацаа хэтэрсэн зээлийг эдийн засгийн бүтцээр нь үзэхэд, барилгын салбар 25, даатгалын салбар 19, худалдааны салбар 15, цалин тэтгэвэр 13 хувийг тус тус эзэлж байна.

Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 73 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байгаа юм. Чанаргүй зээлийн 24 хувийг уул уурхай, 21 хувийг боловсруулах салбар, 11 хувийг барилгын салбарын зээл эзэлж байна. Нийт чанаргүй зээлийн 83 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байгаа юм.

741 ИРГЭНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

Өнгөрсөн долдугаар сард банкууд нийт 741 зээлдэгчид 57,1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүний 45,5 хувийг хөтөлбөрийн зээл, 54,5 хувийг өөрийн эх үүсвэрийн зээл байна. Ипотекийн зээлийн тухайн сард олгосон жигнэсэн дундаж хүү 11,5 хувьтай тэнцүү байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0,6 хувиар буурсан үзүүлэлт юм. Ипотекийн зээлийн нийт үлдэгдлийн 74,4 хувийг хөтөлбөрийн зээл, 21 хувийг банкуудын эх үүсвэрийн зээл, 4,6 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна.

АЛТ ТУШААЛТ БУУРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

Монголбанкны нөөцийн удирдлагын захирал А.Энхжин: Өнөөдрийн байдлаар Монголбанк дотоодын зах зээлээс 9,5 тонн алт худалдан авсан байна. Өнгөрсөн онтой харьцуулбал, 2,2 тонноор буурсан байгаа юм. Энэ нь 2019 оны нэгдүгээр улиралд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэнтэй холбоотой.

Монголбанкны хувьд өнгөрсөн онд 22 тонн алт авсан. Үүнийг мөн энэ онд алдахгүй ажиллах зорилт тавьж байгаа. Гэхдээ алт тушаалтын хэмжээ буурах эрсдэл өндөр байгаа.

Ипотекийн хөтөлбөрийн хувьд эхний найман сарын байдлаар Монголбанк, арилжааны банк, Засгийн газрын эх үүсвэрээс нийт 283 тэрбум төгрөгийг нийт 4000 орчим зээлдэгчид олгоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 100 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 100 тэрбум гэдэг бол энэ онд төсөвт суусантай бараг тэнцүү дүн байгаа. Тиймээс Монголбанкнаас хэрэгжүүлж буй шинэчилсэн бүтцээр энэ оны нийт санхүүжилт 430 орчим тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тооцоо байна.

ХАДГАЛАМЖИЙН ҮЛДЭГДЛИЙН ЖИГНЭСЭН ДУНДАЖ ХҮҮ 11.5 ХУВЬТАЙ БАЙНА

Өнгөрсөн сард банкуудын шинээр татсан нийт төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11,2 хувь, харин байгууллагуудаас татсан төгрөгийн хадгаламжийн дундаж хүү 9 хувьтай тэнцүү байна. Шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 17,4 хувь, хувийн байгууллагад олгосон зээлийн дундаж хүү 17,1 хувьтай байна. Нийт хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүү иргэдийн хувьд 11,5, байгууллагын хувьд мөн 11,5 хувьтай тэнцүү байгаа юм.

ААН-ИЙН ГАРГАСАН БОНДЫН ЭХ ҮҮСВЭР ОРЖ ИРЖ БАЙНА

Эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцэл 456 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 672 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд нөлөөлсөн зүйл бол урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 136,2 сая доллараар нэмэгдсэнтэй холбоотой. Тэр дундаа манай улсын экспорт, худалдааны тэнцэл сайжирсан голлох нөлөө үзүүлжээ. Өөр нэг нөлөөлсөн зүйл бол санхүүгийн тэнцэл өмнөх оны мөн үеэс 419 сая ам.доллараар өссөн явдал. Өөрөөр хэлбэл багцын хөрөнгө оруулалт буюу аж ахуй нэгжүүдийн гаргасан бондын эх үүсвэр орж ирсэнтэй холбоотой.

Монгол улсын гадаад активын нийт хэмжээ хоёрдугаар улирлын байдлаар 6,8 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа бол гадаад пассивын хэмжээ 41,3 тэрбум ам доллартай тэнцэж байна. Ингэснээр манай улсын гадаад хөрөнгө оруулалт сөрөг 34.4 тэрбум ам.доллартай тэнцүү гарч байгаа юм. Нийт гадаад активын дийлэнх буюу 60 гаруй хувийг валютын нөөц бүрдүүлж байна. Харин бусад зээл 28 хувийг бүрдүүлж байгаа юм.

2019 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт гадаад өрийн хэмжээ 29,7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх улирлаас 171 сая ам.доллараар нэмэгдсэн байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалттай компани хоорондын зээллэг нэмэгдсэн нь өр нэмэгдэхэд нөлөөлжээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

Улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар инфляц 7,7 хувьтай байна. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аас батлахдаа 2020 оныг дуустал инфляцыг 8 орчим хувьд тогтворжуулна гэсэн зорилт батлагдсан. Монголбанкны зүгээс үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сүүлийн үед нийслэл хотын хэмжээнд инфляц 9 хувьтай гарсан. Инфляцын хэлбэлзэлд нөлөөлж буй нэг том хүчин зүйл бол махны үнэ. Энэ нь инфляцын хэлбэлзлийн 30 хувийг бүрдүүлж байна.

Мөн дэлхийн зах зээлд өөрчлөгдөж байгаа нефтийн үнийн хэлбэлзэл дотоодын зах зээлд бензиний үнээр дамжиж, инфляцид нөлөө үзүүлж байна. Үүнээс гадна сүүлийн жил гаруй хугацаанд гэр хорооллын түлшинд хэрэглэгдэж байгаа нүүрс, модны үнэ инфляцыг ихээр хэлбэлзүүлсэн. Энэ жил сайжруулсан түлш хэрэглэхтэй холбоотой инфляцын дарамт харьцангуй зөөлрөх болов уу гэж харж байна. Одоо хүлээгдэж буй инфляцид орж ирэх хэлбэлзэл бол шинэ ногооны үнэ юм. Өнгөрсөн жил үүний нөлөөгөөр инфляц огцом хэлбэлзэж байсан бол энэ жил харьцангуй бууруулах нөлөөтэй байх болов уу гэж үзэж байна. Үүнээс харахад 2020 он гэхэд инфляцыг найм орчим хувьд тогтворжуулах зорилт биелнэ гэж тооцож байна.

Ази, Номхон далайн мөнгө угаалт, терроризмтай холбоотой тэмцэх бүлгийн уулзалтад Монголыг төлөөлсөн ажлын баг тайлангаа хамгаалаад ирлээ. Энэ бол эхний шатны техникийн үзүүлэлтийн хамгаалалт. Есдүгээр сард бид дахиад хоёрдугаар тайлан буюу үр дүнгийн тайлангийн хамгаалалтад оролцох юм. Тус бүлгийн журмын дагуу тэндээс дүгнэлт гартал бид ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй. Дүгнэлт гарсны дараа энэ талаарх мэдээллийг тодорхой хүргэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн