Манай улсын нутгаар дамжин өнгөрсөн транзит чингэлгийн галт тэрэгний тоо энэ сарын 26-ны байдлаар 900-д хүрлээ. Эдгээр галт тэрэгний 460 нь хойноосоо урагшаа, 440 нь урдаасаа хойшоо чиглэлд аялжээ. Эдгээр галт тэрэг нь Ази-Европыг холбосон хамгийн дөт коридороор тооцогддог УБТЗ-ын гол замаар дамжин өнгөрдөг бөгөөд тээвэр зохион байгуулалтын ажлыг нь “УБТЗ” ХНН хариуцаж гүйцэтгэдэг юм.
Монгол Улсын хойт хилээс өмнөд хил хүртэлх УБТЗ-ын гол замаар 2016 онд 167 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрч байсан бол 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг, 2019 онд 1300 шахам транзит чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрөх төлөвтэй байна. Энэ нь УБТЗ-ын гол замаар сард 120 шахам чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрч байна гэсэн үг юм.
Ийнхүү Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч байгаа транзит галт тэрэгний тоо сүүлийн 3 жилд эрс өссөн нь ЗТХЯ болон “УБТЗ” ХНН хамтран Ази-Европыг холбосон төмөр замын хамгийн дөт коридороор тооцогддог давуу байдлаа ашиглахын төлөө чармайн ажилласны үр дүн юм. Ингэснээр Ази-Европын холбосон бусад коридорууд болох Манжуур, Казахстаны коридоруудтай өрсөлдөх түвшинд очоод байна.
БНХАУ 2020 он гэхэд Европын холбоотой хийх худалдааны хэмжээг 1 их наяд, ОХУ-тай хийх худалдааны хэмжээг 200 тэрбум ам долларт хүргэх зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бараа эргэлтийг хурдасгах шаардлага тулгарч байгаа юм.
Далайн тээвэр нь төмөр замаас 2-3 дахин их хугацаа зарцуулдаг учир БНХАУ нь Ази-Европыг холбосон төмөр замын тээврийн коридоруудыг хөгжүүлж, Хятад-Орос, Хятад-Европын хооронд чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооноос “Хятад-Европын хооронд чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргаж 2020 он гэхэд чингэлгийн буухиа галт тэрэгний тоог 5000-д хүргэх зорилт тавиад байгаа юм.
Транзит тээврийн орлого нь валютаар тооцогддог хамгийн ашигтай тээвэр юм.
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2016 онд ажлаа хүлээж авсны дараахан “Блүүмберг” телевизэд ярилцлага өгөхдөө “Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг 2000-д хүргэхийн төлөө ажиллах болно” гэж мэдэгдэж байсан нь өнөөдөр биеллээ олоход ойрхон болжээ.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН