1921 оны Ардын хувьсгалын үр дүнд Монгол Улс эдийн засгийн хувьд хараат бус бүрэн эрхт орон болсныхоо хувьд тухайн үеийн МАХН үндэсний аж үйдвэрийг үүсгэн байгуулах, бэхжүүлэх талаар чухал арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байдаг. Тухайлбал,
- 1922 онд Налайхын чулуун нүүрсний уурхайг улсын болгож хотын хэрэгцээний нүүрсийг улсын хяналтан дор хангах арга хэмжээ авч, Алтанбулагийн булигаарын заводыг улсын мэдэлд шилжүүлсэн.
- 1926 онд Улаанбаатар хотын Туйпууны ба мод хөрөөдөх заводыг байгуулж, барилгын материал үйлдвэрлэх Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн “Монголын барилгын хоршоо”-г байгуулжээ.
- 1927 онд Улаанбаатар хотод Төмрийн заводыг ашиглалтанд оруулсан юм.
- 1933 онд Хатгалын ноос угаах үйлдвэрийг ашиглалтанд оруулж, үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлж улс ардын аж ахуйн хэрэгцээтэй зүйлийг аль болохоор дотооддоо үйлдвэрлэх санаачлагыг өрнүүлж аж үйлдвэрийн шинэ шинэ салбарыг амжилттай бий болгож байлаа. Аж үйлдвэрийн комбинатыг байгуулах талаар манай засгийн газраас тавьсан хүсэлтийг ЗХУ-ын засгийн газар хүлээн авч 1930 оны хавраас эхлэн АҮК-ыг байгуулах зураг төслийг боловсруулах, хайгуул шинжилгээний ажлыг хийх, тоног төхөөрөмжийг сонгон бэлтгэх ажлыг явуулан энэ ажлыг эрхэлсэн тусгай байгууллагыг бий болгож өөрийн барилгын мэргэжилтэй ажилчид, ИТА нарыг манай оронд ирүүлж АҮК-ын барилгын ажлыг эхлэх бэлтгэлийг хангасны дараа 1931 оны 3-р сараас уг ажлыг нарийн зохион байгуулалт, тодорхой график, төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн байна.
- 1933 оны эхээр механик цехийг, 1933 оны эцсээр гутлын фабрикийн анхны хэсгийг, 1934 оны 2-р сард булигаарын заводыг, 1934 оны 3-р сард эсгий цэмбэний фабрик, арьс дээлийн заводыг тус тус дуусгаж ашиглалтанд оруулсан.
- 1934 оны 3-р сарын 26-нд Аж үйлдвэрийн комбинатыг баяр ёслолын байдалтайгаар улсын мэдэлд хүлээлгэн өгсөнөөр Монгол улсын Аж үйлдвэрийн тулгын чулуу болсон Монголын үндэсний үйлдвэрлэлийн анхны суурь тавигджээ.
- 1971 оны V таван жилийн төлөвлөгөөний түүхэн чухал үед АҮК 325.5 сая төгрөгийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлттэй, 102.4 хувийн бараа борлуулалттай, 103.4 хувийн экспортын төлөвлөгөө биелэлттэй, 4373 ажилчидтай, 409 ИТА, 366 туслах ажилчидтай бүгд 5148 ажилтан, албан хаагчидтай байлаа.
2018 оны байдлаар аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөгт боловсруулах салбарынх 26.4 хувь, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт ААНБ-ын 6219 буюу 83.9 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хөнгөн аж үйлдвэрийн салбарт нийт 2838 аж ахуй нэгж, үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2018 оны байдлаар
-15 ба түүнээс дээш насны ажиллагчдын тоо 1253.0 мянга
-Түүний 181.7 мянга буюу 14.5 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна.
-Аж үйлдвэрийн салбарын ажиллагчдын 100.8 мянга буюу 55.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаагаас хөнгөн аж үйлдвэрийн салбарт 52900 хүн ажиллаж байна.
ХХААХҮЯ