“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан -2019” судалгааг өнгөрсөн зургадугаар сард танилцуулж байсан. Тэгвэл энэхүү судалгааны тайлан бүрэн эхээрээ эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн цахим хуудсанд тавигдсан байна. Тус судалгаанд дэлхийн 63 улсыг хамруулав. Судалгаанд хамрагдсан 63 улсыг тоон мэдээллийн олдоц, хамтран ажиллах байгууллага, тэдний туршлагаас хамаарч сонгосон ажээ. Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг:
- Эдийн засгийн тамир тэнхээ
- Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа
- Засаглалын үр ашиг,
- Дэд бүтэц зэрэг дөрвөн хүчин зүйлийн 332 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулдаг.
Энэхүү тайланд 2015 онд Монгол Улс 61 орноос 57 дугаар байрт, 2016 онд 60 дугаар байрт, 2017 онд 63 орноос 62 дугаарт, 2018 онд мөн 62 дугаарт, эрэмбэлэгдсэн байна.
Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос Венесуэл улсын өмнө 62-рт хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс буурсан байна. Тодруулбал, эдийн засгийн тамир тэнхээ 10 байраар ухарч, 58-д эрэмбэлэгдсэн бол бизнесийн байгууллагын ашигт ажиллагаанд өөрчлөлт ороогүй, 61-т байна. Харин Засаглалын үр ашиг хоёр байраар ухарч, 59-т, дэд бүтцийн үзүүлэлтэд өөрчлөлт ороогүй 61-т бичигдсэн байна.
Үүнээс гадна, Монгол Улс институцийн тогтолцоо хамгийн муу орнуудын тоонд багтсан бөгөөд Засгийн газрын бодлого, шийдвэрийн ил тод байдал хангалттай байдаггүй орны нэг болжээ. Институцийн тогтолцоо нь эдийн засгийн урт хугацаанд амжилтад хүргэх гол хөдөлгөгч хүч нь болж өгдөг.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд судалгаа хөгжлийн зардал, төсвийн алдагдал, хөрөнгийн зах зээл, худалдаа үйлчилгээний экспорт, аялал жуулчлалаас олсон орлого, үзүүлэлтүүд хамгийн ихээр сайжирсан бол хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэвэрийн сан зэрэг үзүүлэлтүүд муудсан байна. Өрсөлдөх чадварын оноо буурахад дээрх үзүүлэлтүүдээс гадна хөдөлмөр эрхлэлт, бизнесийн эрхзүй, хөдөлмөрийн зах зээл, эрүүл мэнд хүрээлэн буй орчин, боловсролын бүлгүүд буурсан нь нөлөөлсөн байна.
СИНГАПУР ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Өрсөлдөх чадвараараа Сингапур улс тэргүүлсэн бол удаах байранд Хонконг, АНУ оржээ. Харин БНХАУ өмнөх жилээс нэг байраар ухарч, 14 дүгээрт бичигдсэн бол ОХУ өмнөх жилийн адил 45-т эрэмбэлэгджээ.
Харин бүс нутгийн хувьд Зүүн Азийн орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ 2016 оноос хойш өссөн бол Хойд Америкийн хувьд өрсөлдөх чадварын эрэмбэ 2015-2017 онд буурч, 2017-2018 онд өсч, 2019 онд буурчээ. Баруун Европын орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ тогтвортой байсан хэдий ч 2019 онд буурсан байна. Өмнөд Ази, Номхон далай бүс нутагт 2018 он хүртэл өрсөлдөх чадварын эрэмбэ буурсан ч 2019 онд өссөн байна. Зүүн Европын орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ өссөөр байна. Өмнөд Америкийн орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ мөн буурсаар байна.Төв Азийн орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ буурч байна.
Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвараа сайжруулахад доорх алтан дүрмийг мөрдөхийг зөвлөж байна.
- Хууль эрхзүй, захиргааны тогтвортой, ойлгомжтой орчин бүрдүүлэх
- Төр, засгийн үйл ажиллагаа нь ил тод, хариуцлагатай, хурдан шуурхай байх
- Төсөв, санхүүгийн болон өрийн удирдлагын сахилга баттай байх
- Салбарын болон газарзүйн онцлогуудыг харгалзан үзсэний үндсэн дээр эдийн засгаа төрөлжүүлэх
- Уламжлалт болон дэвшилт дэд бүтэц, логистикийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах
- Өөрсдийн технологиор үйлдвэрлэл эрхлэн, тэрхүү үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах чиглэл баримталдаг дунд хэмжээний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих
- Олон улсын зах зээл дээр довтлох стратеги, нэмүү үнэлэмж бүтээх урих стратеги хоёрын тэнцвэрийг олох, төсвийн тэнцлийг зохистой түвшинд барих
- Аж үйлдвэрлэлийн суурийг дэмжин “Монголд үйлдвэрлэв” тодотголтой болгох
- Боловсролын хос системд анхаарах замаар (дагалдан сургалт ба дээд боловсрол) залуу үеийн хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, залуусын ажилгүйдлийг бууруулах
- Шинжлэх ухаан болон шинээр бизнес эрхлэх санаачилгуудыг тус тус дэмжих
- Бодлогын түвшинд болон нийгмийн түвшинд өөрчлөлт сайжруулалтад түлхэц болохуйц нэгдсэн ойлголтуудтай байх
- Бодитоор сайжирсан өрсөлдөх чадварын амжилтуудаас ард түмний сайн сайхан аж төрөхөд хэрэг болохуйц бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд хөрөнгө оруулах (илүү чанартай зам, эмнэлэг, сургууль, орон сууц гэх мэт)
Эх сурвалж: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв
1 comment
Mongold urd umnu garch baigaagui innovatsiin shine buteegdehuun zohion buteej Mongol ulsiin oyunii umchiin PATENT avsan buteeld EXPORT-g demjih hutulburiin tusul huleen avagch anhan shatnii bagiinhan zaaval 2 jil uil ajillagaa yavuulsan baih yostoi gesen shal teneg shaltgaanaar asar ih ur ashig avchirah Delhiid Mongol ulsiin neriig gargah odoogoor tsoriin gants geheer Oyunii tehnologiin uildverleliig zogsooloo Iim baihad bid yaj hugjihiin bee ES-daa