Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлэх байсан ч ирц хүрээгүй учир маргааш болтол хойшлууллаа.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар намын бүлэг дотроо болон УИХ-д суудалтай намууд, Ерөнхийлөгч хоорондоо зөвшилцсөн. Зөвшилцлийн дүнд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох асуудал дээр байр сууриа нэгтгэсэн хэмээн эрх баригч намын төлөөлөл мэдэгдсэн.
Харин сөрөг хүчний хувьд УИХ-ын гишүүний тоог 99 болгохыг дэмжихгүй, 108 болгох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Ямартай ч Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хэлэлцүүлгийг хийж дуусгасан.
Ингэснээр олны анхаарлыг татаад буй гишүүд тоо, бүрэн эрхийн хугацаатай холбоотой асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн тогтох юм.