Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутагт жонш баяжуулах үйл ажиллагаа явуулдаг Эко хэлхээ ХХК-ийн үйлдвэрт осол гарч нэг хүн амь насаа алдсан байна. Талийгаач тус уурхайд нэг жил гаруй хугацаанд ажиллаж байсан бөгөөд өчигдөр (2019.08.25) хамт ажилладаг хүнийхээ гуйлтаар ээлжид гарахдаа шороонд дарагдаж амь насаа алджээ.
Эко хэлхээ компани нь Даланжаргалан сумаас 2-3 км-ийн зайд байрлах “Кевин инвест” компанийн жонш угаах үйлдвэрийг түрээслэдэг бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард хаягдал усны далан задарч гурван төрлийн химийн хортой бодис агуулсан усыг алдснаар сумын иргэдийн эрүүл мэнд болон малын бэлчээрт аюул учрууллаа гэсэн шуугианд өртөж байсан юм.
Тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналт болон Онцгой байдлын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон ч өнгөрсөн долдугаар сараас эхлэн дахин ажиллаж эхэлсэн байна.