Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-ын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-нд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийлээ.
Хоёр орны цагаачлал, шилжилт хөдөлгөөний ижил чиг үүргийн байгууллага нь 2007 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад идэвхтэй нягт ажиллаж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан юм. Мөн хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцлийг бүрдлүүлэх, ялангуяа визний шаардлагыг хөнгөвчлөх, визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгахад тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Мөн айлчлалын хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нартай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм. Энэ талаар даваа гарагт буюу энэ сарын 26-ны 15.00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаманд хэвлэлийн хурлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.