“Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13 дугаар зөвлөлгөөн” өнөөдөр эхэллээ. АНУ, Австрали, Япон, БНХАУ, Индонез зэрэг дэлхийн 28 улсын 140 гаруй төлөөлөгч, шийдвэр гаргагчид, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож, томуу, томуугийн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож байна.
Манай улсад гурван өдөр үргэлжлэх энэ хурлаар хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гаргах юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхий дахиныг хамарсан 1918 оны томуугийн цар тахлаас хойш 100 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд цар тахлын гурван удаагийн дэгдэлт гарч 55 сая гаруй хүний амь насыг авч одсоныг бид мартах ёсгүй. Даяаршлын өнөө үед өвчин үүсгэгч вирус нэг төрөл зүйлээс нөгөө рүү дамжиж урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ вирусийг үүсгэн асар хурдацтай тархах эрсдэлтэй байгаа энэ үед улс орнууд болзошгүй аюулын үед бэлэн байж, харилцан мэдээллээ шуурхай солилцон, хамтран ажиллах шаардлагатай юм.
Ийм ч учраас уг зөвлөгөөнөөр томуугийн вирусийн онцлог, улс, орнуудын томуугийн өвчлөл, тандалт, хариу арга хэмжээ, лабораторийн оношилгоо, дархлаажуулалт, цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний үнэлгээ, ДЭМБ-ын хоёр бүсийн цаашдын арга хэмжээний чиглэлийг хэлэлцэх юм хэмээн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Мөн тэрбээр, Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр энэ жил эрт хүйтрэхээр байна. Тэгэхээр есдүгээр сарын сүүлчээс цас орж, 11 дүгээр сараас нийт нутгаар цасан бүрхүүл тогтоно гэж мэдээлж байгаа. Хүн, малын ч хувьд хүндхэн улирал ирэх нь ээ. Тэгэхээр бид одооноос бэлтгэлээ хангах шаардлагатай байна гэж ярив.
СЕРГЕЙ ДИОРДИЦА: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ГЭРТЭЭ ТАМХИ ТАТАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЪЯ
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица: Томуугийн вирус жил бүр хувьсан өөрчлөгдөж байдаг ч гэсэн өнгөрсөн жилийн вирусийн хэв шинж одоо ч гэсэн эргэлтэд байх болов уу гэсэн таамаглал бий. Ер нь томуугаас сэргийлэхийн тулд эрүүл мэнддээ анхаарал тавих, дархлаагаа сэргээх хэрэгтэй. Мэдээж эмзэг бүлгийнхэн, бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж томуугаас сэргийлэх шаардлагатай. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд утаа, агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд гэртээ тамхи татахгүй байхыг уриалмаар байна.
Тамхи нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдгийг судалгаагаар аль хэдийнэ баталсан. Улирлын томуу энэ жил эрт эхлэх магадлалтай байгаа тул эрүүл мэндийн салбар ч бэлэн байдлыг хангаж, зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай хэсэгт цаг алдалгүй, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Өнгөрсөн жил тархалтын үед зохион байгуулалттай, амжилттай ажиллаж ачааллыг давсан. Энэ нь олон салбарын хамтын ажиллагааны үр дүн байсан тул тэрхүү сайн туршлагуудыг одоо ч дэмжиж бэлэн байдлыг хангах нь чухал юм.
Дотооддоо бэлэн байдлыг хангах хүрээнд эцэг, эхчүүдэд нэг зүйлийг анхааруулахад хүүхдээ ханиад дөнгөж хүрмэгц яаран эмнэлэг рүү авч яваач ээ. Эмнэлэгт хамгийн хүнд хэлбэрийн ханиадтай хүүхдүүд ирдэг тул нэмэлт халдвар авах эрсдэл ихтэй. Тиймээс эхлээд өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй. Бид ч ЭМЯ-тай хамтарч анхан шатны тусламж үйлчилгээний эмч, мэргэжилтнүүдийг сургах, бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа. Томуугийн хүндрэл үүсгэж байгаа шинж тэмдгүүдийг таньж, цаг алдалгүй оновчтой арга хэмжээ авах чадварыг нь дээшлүүлэх сургалт явуулж байна.