Монголын “Гурвын эсрэг гурав” сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” баг 2020 оны олимпын эрхийн оноо олгох хоёр томоохон тэмцээнийг зорьсон билээ.
Тэдний оролцохоор төлөвлөсөн эхний тэмцээн Италийн Дэлхийн гранпри бөгөөд хэсгийн хоёр дахь тоглолт нь анх товлосон цагаасаа нэлээд хойшилж сая тоглож дууслаа. Манай багийн хувьд хэсгийн хоёр дахь тоглолтоо Словени улсын Ljubljana багтай хийлээ. Тун ширүүхэн үргэлжилсэн энэхүү тоглолтонд манай залуус цаг дуусахаас хоёр секундын өмнө холын шидэлтээ амжилттай гүйцэтгэснээр 22:18-ын харьцаатайгаар хожил байгууллаа.
Тэдний хувьд өнгөрсөн шөнө хэсгийн эхний тоглолтондоо Сербийн алдарт Нови-Сад багийг хожоод байсан бөгөөд ийнхүү хоёр хожилтойгоор хэсгээ тэргүүллээ. Ийнхүү шигшээ наймд шалгарсан манай залуусыг одоо АНУ-ын Princeton баг хүлээж байна. Энэхүү тоглолт 20-21-нд шилжих шөнө 01:00 цагт эхлэх хуваарьтай.